Наран эрт
манддаг болсон энэ өдрүүдэд чи харин ч илүү эрч хүчтэй болох ёстой байтал,
эсрэгээрээ үд хүртэл унтаж, орондоо нойрмоглон хэвтэж, нозоорсон биеийнхээ
чилээг гаргалгүй өдрийг өнгөрөөж байгаа юм биш биз? Энэ нийтлэлийг уншаад
маргаашнаас гүйж эхлэ. Чамд гүйхээс өөр юу ч ийм их эрч хүчийг өгч чадахгүй
гэдгийг батлах байна!
1. Хувийн
фитнесс л гэсэн үг
Тогтмол гүйж дадах ТОП шалтгаан бол үүнийг хувийн, ганцаарчилсан фитнесс хэмээн
ойлгох явдал юм. Гүйх бол биеийн бүх хэсгийн булчинд үйлчилдэг цөөн хэдэн
дасгалуудын нэг. Энэ нь аеробикийн дасгалтай ижил үйлчилдэг! Гүйлтийн үр дүнг
үзэхэд тодорхой хугацаа шаардагдах ч гэсэн, хурдаа аажим аажмаар ихэсгэж,
тогтмол хийвэл калори шатаж, амьсгаа задран, биед чинь нөлөөлөхийг мэдрэх
болно.
2. Стресс
тайлагдана
Гүйх нь стрессээ тайлах сайхан аргуудын нэг. Энэ бол зөвхөн гүйлт ч биш, биеийн
идэвхтэй хөдөлгөөний бүх төрлүүдэд байдаг давуу тал! Учир нь чи дасгал хийж
байхдаа, бүх анхаарал, энерги, эрч хүчээ түүндээ л зарцуулна. Тиймээс өөр юм
бодох, уурлах, бухимдах чөлөө тархинд чинь олдохгүй. Мөн дасгал хийхэд аз
жаргалын гормон их хэмжээгээр ялгардаг учраас тайвширч, өөдрөг болоход
тусалдаг.
3. Өөрийгөө
захирч сурна
Тогтмол гүйснээр чи өөрөө өөрийгөө захирч, шахаж, удирдаж сурна. Тиймээс гүйх
нь биеэс гадна сэтгэлзүйн хувьд ч хүчтэй болоход тусалдаг. Хурд болон гүйх
замынхаа уртыг зориг гарган нэмж, хүч чадлаа шавхах нь чамд өөрийгөө ялан дийлж
байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Ихэнх хүмүүс хэдхэн долоо хоног гүйсний эцэст
шантарч, эсвэл залхууран үлддэг. Харин тэр шантралын үеийг давснаар хүн дотроо
ч тэсвэр хатуужилтай болдог.
4. Эрүүл
“зорилго”
Хэрэв чи илүүдэл жин, зүрхний эсвэл уушигны өвчтэй бол гүйх нь чамд эдгээр
өвчин, бэрхшээлүүдийг давахад тусална. Гүйх нь жингээ хаях явцыг түргэсгэж,
уушигны багтаамжийг сайжруулж эрүүлжүүлдэг.
5. Шинэ хобби
Хэрэв чи өөрийн амьдралын хэв маягаасаа уйдаж, ямар нэг шинэ зүйл туршиж
үзэхийг хүсч байвал гүйж эхлэхэд л болно! Гүйхийг биеийн тамираар хичээллэж
байна биш, харин өөрийгөө гоо сайхан болгож, амьдралдаа шинэ хэмнэлийг оруулж
ирж байна гэж бодоод хийх юм бол илүү их урам зориг орох болно. Идэвхтэй гүйж
хөлсөө гаргасны дараа бие чинь хичнээн хөнгөн, цовоо сэргэлэн болж, хөл гар,
гэдэсний чинь булчин чангарахыг мэдрээд чамд сайхан санагдах нь лавтай.
6. Өөртэйгөө
байх цаг
Энэ хурдтай нийгмийн завсар зайнд бидэнд өөртэйгөө өнгөрүүлэх цаг тун хомс
болсон. Мэдээж чи нөхөртэйгөө, эсвэл найзтайгаа цуг гүйж болно л доо. Гэхдээ
ганцаараа гүйвэл чамд бодол санаагаа цэвэрлэж, шийдэлд хүрч чадаагүй
асуудлуудынхаа талаар тунгааж, аливааг нөгөө талаас нь харах зав гарна. Гүйсний
дараа санаа зовж байсан зүйлс чинь юу ч биш мэт санагдаж, зарим нэг зүйлийг
зүгээр л орхих хэрэгтэй гэдгийг ухаарна.
7. Өөрийгөө
сайжруулна
Ямар нэг зүйлийг сонгож хийгээд, түүнийхээ үр дүнд өмнөхөөсөө илүү хүчтэй, илүү
аз жаргалтай, илүү эрүүл хүн болж байгаагаа мэдрэх хичнээн сайхан билээ! Хийж
эхлэнгүүт мэдэгдэхгүй л дээ, жаахан хугацаа өгчих. Чи өөрөө ч, эргэн тойрныхон
чинь ч удахгүй өөрчлөлтийг анзаарч эхэлнэ. Эдгээр шалтгаануудыг уншсаны дараа
чамд шууд л маргаашнаас гүймээр санагдаж байгаа байх. Хамгийн гол нь чи
өөрийнхөө хүслээр гүйж эхлэх нь чухал юм шүү. Гүйх нь сэтгэлзүйн болон биеийн
фитнесс, тиймээс үгүй гэж хэлэхээсээ өмнө заавал туршиж үзээрэй.