ОХУ-аас Өвөрмонголын Манжуур хотоор дамжин БНХАУ руу 213 ширхэг баавгайн савар нууцаар хил нэвтрүүлэхээр завдан баривчлагдаад буй Оросын хоёр иргэнд Хятадын талаас цаазаар авах ял оноож магадгүй байгаа гэнэ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Алексей Котельников Хятад дахь тус улсын Элчингээс ирүүлсэн мэдээллийг уламжилжээ. Хятадын “Global Times” сонинд мэдээлснээр өнгөрсөн тавдугаар сарын 22-нд Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн Манжуур хотын хилээр ОХУ-ын хязгаар нутгаас ирсэн хоёр иргэн 2.8 сая юань /460 мянган ам.доллар/-ын үнэ хүрэх 213 ширхэг баавгайн саврыг автомашиныхаа дугуйн дотор нуун авч орох гэж байсан нь илэрч баривчлагдсан байна. Одоогоор ОХУ-ын хоёр иргэн Өвөрмонголын урьдчилан хорих төвд хоригдож байгаа аж.
ОХУ-д нэг кг баавгайн савар нь 2000 рубль байдаг ба энэ Хятадынхаас 10 дахин бага үнэлэмж аж. Учир нь Хятадад баавгайн эд, эрхтэн нь эмийн найрлагад орох зориулалтаар өндөр үнэ хүрдэг ба ихэвчлэн хууль бусаар худалдаалдаг гэнэ. Хятадад хууль бусаар амьтны эд, эрхтэн худалдаалах гэмт хэрэгт таван жил хорих ялаас цаазаар авах хүртэлх хэмжээний ял, шийтгэл оноодог байна.
Үүнээс өмнө өнгөрсөн 2008 онд мөн ОХУ-ын Сибирийн хязгаар нутгаас ирсэн хоёр иргэн бугын эвэр Хятад руу хил нэвтрүүлэх гэж байгаад баривчлагдан бүх насаараа хорих ял сонсч байжээ.
Б.АНХТУЯА