Ц.Нямдоржийг шалгах ёстой баримт бий гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг шалгах ёстой баримт бий гэв

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг БНСУ-аас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн мөнгөнөөс завшсан, хувьдаа хоёр хаус бариулсан тухайгаа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдаагүй, “Энержи ресурс” компанийн орон сууцанд төлбөргүй оршин суудаг зэргийг шалгуулах хүсэлтийг О.Баасанхүү гишүүн гаргасан. Авлигатай тэмцэх газраас төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалттай холбоотой хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон, орон байртай холбоотой асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шийдвэрлэнэ гэх хариу өгөөд байгаа юм. Харин энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

-АТГ-аас Ц.Нямдоржийг шалгуулъя гэвэл УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Нийслэлийн прокурорын газарт хандах нь зүйтэй гэж үзсэн байна?

-Авлигатай тэмцэх газар энэ хэргийг шалгуулъя гэвэл прокурорт ханд гэж хариулж байгаа нь утгагүй юм. Ямар учраас Ц.Нямдоржийг шалгах үндэслэлтэй гэж үзэж байгааг би баримттайгаар хэлэхэд, 2011 оны дөрөвдүгээр сард хийсэн Үндэсний аудитын дүгнэлтээр, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан Ц.Нямдорж уг төсөлд гарын үсэг зур,ж 34.4 тэрбум төгрөгийн гэрээ хийгдсэн байдаг. Энэ төсөлд багагүй мөнгөний зөрүү, дутагдал гарсан байгаа юм. Жишээлэхэд, 13 төрлийн техник хэрэгслийн үнийн зөрүүнд 654 мянган ам.доллар буюу 851.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн үг. Энэ зөрүүг гэмт хэргийн шинжтэй гэх дүгнэлтийг Үндэсний Аудитын газраас гаргасан байгаа. Энэ тухай баримт одоо надад байна. Ц.Нямдоржийн Гүнтэд хүмүүжигчдээр бариулсан барилгын тухай, тэрхүү барилгаас нь хүмүүжигч унаж амиа алдсан гэдгийг ч шалгах л хэрэгтэй.

-Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл энэ төсөлд хэн нэгэн сайдын оролцоо байгаагүй гэж тайлбарлаж байгаа. Энэ тухай?

-Хууль зүйн яамны аль нэг хэлтсийн дарга УИХ-ын гишүүний байр суурийг дүгнэж хэлнэ гэдэг бол утгагүй асуудал. О.Алтангэрэл миний л адил хуульч, өмгөөлөгч хүн байж баримт дээр тулгуурлаж ярих хэрэгтэй. Гартаа барьсан ганц баримтгүй байж хоёр улсын найрамдал, УИХ-ын гишүүнийг андуу бодсон зэргээр дүгнэж ярих ёсгүй юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж