ХСИС-ийн тамирчид дэлхийн дэвжээнд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

ХСИС-ийн тамирчид дэлхийн дэвжээнд өрсөлдөнө

Цэргийн Таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10, 11-нд Улаанбаатар хотноо болж, хот, хөдөөгөөс шалгарсан 23 байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлджээ. Тэмцээнд Хууль сахиулахын их сургуулийн Ерөнхий эрдмийн сургуулийн Албаны бэлтгэлийн тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Г.Төрмөнх дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож, гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна.

Тус тэмцээний алтан медалийн эзэд болох Цагдаагийн сургуулийн 316 дугаар дамжааны сонсогч Б.Мөнх-Эрдэнэ, 333 дугаар дамжааны сонсогч Г.Бат-Эрдэнэ, 332 дугаар дамжааны сонсогч Э.Мөнхбуян нар энэ оны аравдугаар сард АНУ-д зохиогдох “Цэргийн таеквондо”-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан бол ахлах дэслэгч Г.Төрмөнх энэ оны шилдэг дасгалжуулагчаар шалгарсан юм. 

Мөн ирэх долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 4-ний өдрүүдэд Колумба улсын Кали хотод зохиогдох “KUDO”-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хууль сахиулахын их сургуулийн албаны бэлтгэлийнн тэнхимийн багш О.Энхбат, ирэх наймдугаар сард зохиогдох цагдаа галын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Соёмбо” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн хошууч Д.Бямбажав, Цагдаагийн сургуулийн гүйцэтгэх ажлын тэнхимийн багш, цагдаагийн ахмад Р.Баярмагнай нар хүчний гурван төрлөөр оролцохоор болжээ. Түүнчлэн БНСУ-ын Чён-жу  хотноо ирэх аравдугаар сард болох  ГУТСОТ-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын сургуулийн гамшгаас хамгаалах албаны тэнхимийн багш, дэд хурандаа С.Баттөмөр дасгалжуулагчтай баг тамирчид Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж