Обама Берлинд: элдэв хөөрөлгүй айлчлал

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Обама Берлинд: элдэв хөөрөлгүй айлчлал

АНУ-ын ерөнхийлөгчийн Германд хийсэн айлчлалын оргил нь Бранденбургийн хаалганы дэргэдэх Паризер-платц талбайд хэлсэн үг болов. Хурц наран дор Барак Обамагийн үгийг нарийвчлан шилж авсан хэдэн мянган зочид сонслоо.


Барак Обама Ерөнхийлөгч болсон цагаасаа хойш Германд анхны албан ёсны айлчлал хийсний оргил нь зургадугаар сарын 19-нд  Германы бэлгэдэл болсон Бранденбургийн хаалганы дэргэд Берлины төв талбайд хэлсэн үг нь боллоо. Таван жилийн өмнө Обама нэр дэвшигч байхдаа Берлинд ирж байхдаа түүхэн хаалганы дэргэд үг хэлэх гэж байсан ч канцлер Ангела Меркель уг байрыг төр засгийн тэргүүн нарын үг хэлэх газар гээд эсрэг байсан юм. Тэр үеийн сенатор уг талбайгаас километрийн зайтай, Ялалтын баганатай, Том одын талбайд нь үгээ хэлсэн юм. 2008 оны долдугаар сарын тэр өдөр Барак Обамаг сонсохоор 200 мянган хүн ирсэн байлаа. Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч хар арьстан залууг тэр хүмүүс  гар дээрээ өргөн явахад бэлэн, түүнийг сонгуульд ялаасай гэсэн үнэн хүсэлтэй байлаа.

Тэр цагийн Обамагийн хөөрөл бишрэлээс өнөөдрийн Германд ул мөр бараг үлдсэнгүй. Америк үндсээрээ өөрчлөгдөнө гэж найдаж байсан германчуудын итгэл найдвар биелээгүй. Өнөөдөр түүнийг Берлинд эсэргүүцэлтэйгээр угтсан байв. Обама тэр эсэргүүцлийг нь хараагүй.  Эсэргүүцэгчид Берлины Засгийн газрын дүүргээс хол эсэргүүцлээ илэрхийлжээ.

Обама ба немцүүд

Куба дахь Гуантанамогийн шоронг хаах амлалтаа биелүүлээгүйнх нь төлөө, шүүх, шийтгэлгүйгээр террорист гэгдэх хүмүүсийг нисгэгчгүй онгоцны довтолгоо хийн устгадагийнх нь төлөө, дэлхийн цаг уурын өөрчлөлтын асуудалд анхаарал муутай ханддагт нь одоо интернэтэд Америкийн нууц албадын явуулж буй хоморголсон мөрдөн мөшгөлтийнх нь төлөө Обамаг немцүүд шүүмжилж байна.


Паризер платц талбайд ирсэн зочид Обамагийн үг хэлэхийг хүлээж  байгаа нь

Тийм ч учраас Бранденбургийн хаалганы дэргэдэх талбайд уур амьсгал нь  тэр таван жилийнхээс огт өөр байв. Цагдаагийнхан битүүлэн хаасан талбайд тусгайлан шилсэн зочдыг нарийн шалган оруулж байлаа. Үг хэлэхээс өмнө тэднийг гурван цагийн өмнө талбайд оруулсан ба 33 хэмийн халуунд суух нь яггүй  хүнд ажил байв. Талбайд нарны хаалт, мөн савтай ус оруулахыг аюулгүй байдлын үүднээс хориглосон юм.

Уригдсан VIP зочдоос зарим нь тэгж зовохыг хүссэнгүй. Тухайлбал, Берлины Нойкёльн  дүүргийн бургомистр, социал-демократ Хайнц Бушковский (Heinz Buschkowsy)  Америкийн ерөнхийлөгчийг сонсохоос татгалзан бичгээр тайлбар өгөхдөө өөрийн 64 нас нь хурц наранд суухад хүндрэлтэй байна гэжээ.

Ерөнхийлөгч юу хэлэх бол?

Германы хэвлэлийнхэн Обамагийн үг хэлэхээс өмнө ямар түүхэн үгээ тэр сонсгох бол гэсэн таавраар дүүрэн байв. Өмнөх Америкийн ерөнхийлөгчдийн хэлж алдаршуулсан үгүүдийг санаж байлаа.

Хагас зууны өмнө, ханаар хүрээлэгдсэн Баруун берлинчүүдэд сэтгэл нэгтэйгээ хэлэн Жон Кеннеди өөрийгөө Берлины хүн гээд  "IchbineinBerliner" гэсэн үгээ хэлж байв. Хожим Роналд Рейган Бранденбургийн хаалгыг тусгаарласан ханын цаад талд Горбачевт хандан энэ саалтаа хураахыг уриалж байлаа. "Mister Gorbachev, open this gate! Mister Gorbachev, tear down this wall!" гэж тэр хэлсэн юм.

Харин энэ удаа Германы хамгийн олон хувиар хэвлэгдэн гардаг шар хэвлэл Bil, Обамаг үгээ хэлэх өдөр хотын захирагчид хандан: "Мистер Воверайт, энэ нисэх буудлаа нээгээч" гэж шоглоом гарган Германы гол хотын нисэх буудал хэтэрхий удаан баригдаж буй асуудлыг дамжуулан хөндсөн байлаа.  Мөн  "Ich esse gern Berliner!" (Би берлинчүүдэд дуртай.) гэсэн үг ч харагдлаа. "Берлинчууд" гэж Германд жимсний чанамалтай цагирган боовыг нэрлэдэг ажээ.

Ерөнхийлөгч юу хэлэв?

Обама, мэдээж, Кеннеди ч биш Рейган ч биш, цаг үе ч өөр болсон. Германаар эсвэл англиар оновчтой үг болох өгүүлбэрийг тэр хэлсэнгүй. Гэсэн ч герман тоймчид түүний үгийг гайхалтай гээгүй ч сайн үг гэж үнэлэв.

Обама пиджакаа тайлж байгаад ханцуйгаа шумлаад үгээ хэлэв

Обама хүрмээ тайлж байгаад ханцуйгаа шамлаад, Берлин ба түүний оршин суугчдын түүхэн гавьяаны тухай хагас цаг ярихдаа Кантаас иш татаж, Маршаллын төлөвлөгөөг дурьдаж, Зүүн Берлины 1953 оны зургадугаар сарын 17-ны бослого, ХХ зууны сүүлийн үйл явдлуудыг дурьдлаа. Тэрээр Атлантын далайг дамнасан эв нэгдлийн чухлыг онцолсон байна.

АНУ-ын ерөнхийлөгч  энэ үеэр хэт тайвшрахаас болгоомжлохыг сануулсан байв. Мөн тэрээр цаг уурын хамгаалалтын арга хэмжээг авахаа амлаад дэлхийн ядуурал, өлсгөлөн, ажилгүйдэлтэй тэмцэхийг уриалав.  Обама ижил хүйстнүүдийг “бидний ах дүү нар” гэж нэрлээд тэдэнд хүлцэнгүйгээр хандахыг  хүслээ.

Энэ бүгдийн зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч цөмийн зэвсгээ хорогдуулах шинэ гэрээ байгуулахыг Орост санал болгохдоо Берлины талбайн индрийг ашиглав. АНУ ба түүний холбоотнуудыг  хамгаалахад өнөөгийн цөмийн цэнэгийг гуравны нэгээр хорогдуулахад хангалттай гэж Обама үзлээ. Энэ зорилгоор тэр Москватай шинэ хэлэлцээрт орон тэндээ хоёр орны тактикийн цөмийн зэвсгийг хөндөн ярилцах  сонирхолтой байна.

Сэтгүүлчид сэтгэл дүүрэн үлдэв

Бранденбургийн Паризер-платц талбайд ирсэн хүмүүс ерөнхийлөгчийн үгэнд  тайван хандан үе үе эелдгээр алга ташиж байв. Тэнд байсан хүмүүсээс хэн нэгэн нь ухаан алдан унасан бол түүний шалтгаан нь Обамагийн үг лавтай биш. Наранд л цохиулсон гэхэд алзахгүй амьсгаатай байв. Ерөнхийлөгчийн үг сэтгэлийн хөөрөл багатай байснаас олныг хөгжөөн өдөөж чадаагүй.

Барак Обама, Ангела Меркель хоёр хэвлэлийн бага хурал дээр

Харин үүнээс өмнөхөн канцлертай хийсэн хэлэлцээрийнхээ дараах хэвлэлийн бага хурал дээр Обамагийн ярьсан нь мэргэжлийн сэтгүүлчдэд таалагдсан гэнэ. Тэрээр хэвлэлийнхэнд анхааралтай, хүндэтгэлтэй хандан асуултад нь хариулж байв. Тэр Гуантанамогийн шоронг яагаад хаагаагүй байгаа, нисгэгчгүй онгоцноос хийсэн довтолгоонуудын талаар, интернэтийн шүүлт мөрдөлтийнхээ тухай, Сирийн босогчдод зэвсэг нийлүүлэх талаар, Ассадын химийн зэвсэг хэрэглэсэн Афганистаны талибуудтай хийж буй хэлэлцээр зэрэг бүхий л сонирхол татсан асуудлуудад хариулав.

Цаг  шахам үргэлжилсэн хэвлэлийн бага хурал дээр тийм маягийн айлчлалын үеэр асуудаг  хэмжээнээс арай арвин асуулга хийгдлээ. Асуудлууд цаад утгатай, хурц  байв. Гэсэн ч тэрээр тэвчээртэйгээр хариултаа өгсөн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж