Налайх дүүргийн II хороонд орших банкны салбарт нэвтрэн орж, хоёр сая төгрөг нэхэх үедээ банкны захирал бүсгүйн нөхрийг буудан хороосон А.Бат-Ялалтын хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянан хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүгчид анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Ингэснээр энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газарт дахин шалгаж, мөрдөхөөр боллоо.
А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-нд банкны захирлыг айлгаж мөнгө авах гэж буу тулгах үед саад хийх гэсэн нөхрийнх нь хэвлийн тус газарт нь буудан хөнөөсөн юм. Улмаар хэргийн газраас оргон зайлах үедээ таксины жолоочийг барьцаалан зугтах үед цагдаагийн байгууллагын ажилтнууд олж баривчилсан байдаг.
Д.ЖАРГАЛ