“Маднесс” шинэ цомгийн баяраа хийнэ гэсэн сайхан мэдээ амьд хөгжимд дуртай хэн бүхнийг баярлуулж байгаа билээ. Тэд энэ удаад “Colors of us” гурав дахь бие даасан цомгоо танилцуулах бөгөөд энэ сарын 22-нд “iLoft”-д тоглолт хийхээр зэхээд байгаа юм. Уг цомгийн баярт тэдний өмнөх хоёр цомог болон шинэ цомгийн гээд 20 гаруй дуу тайзнаас эгшиглэнэ. Тоглолтод реппер Gee, “Харанга”-ын дуучин Х.Лхагвасүрэн нар оролцох аж. Түүнчлэн 13 настай гитарчин Н.Эгшиглэн тэдэнтэй нэгдэн хоёр дахь гитарчнаар оролцож байгаа гээд олон гэнтийн бэлэг хүлээж байгаа гэсэн шүү. “iLoft”-д болох тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг. Харин тоглолт үзэхээр ирсэн эхний 100 хүнд шинэ цомгоо үнэгүй өгөх юм байна. Тэд “Colors of us” цомгоо 3000 хувь хэвлүүлсэн ч худалдаанд гаргахгүй гэсэн. “Madness”-чүүд уг цомгоо үйл ажиллагааны үеэр тараахаар бодож хэвлүүлсэн гэсэн. Тиймээс тэд цомгийн баяртаа түрүүлж ирсэн 100 хүнд л “Colors of us” цомгоо амтлуулах нь ээ.
“Colors of us” цомогт орсон дуунуудын дөрөв нь клиптэй болсон гэнэ. Энэ цомог аялгуутай дуунуудаас бүрдсэн ба “Цуурай” хамтлагийн дуучин Ц.Энхтүвшингийн “Чамдаа зориулья”, “Хонх” хамтлагийн С.Цогтсайханы дуулсан “Нутгийн уул”, “Бороотой шөнө” гэсэн хуучны гурван дууг коверлон оруулжээ. Мөн шиэн цомогт нь “Харанга”-ын Лхагваагийн үг, “Маdness”-ын Ч.Оюунсайханы ая, “Монгол” гэж шинэ дуу багтсэн гэнэ.
Тэд цомгийн баярынхаа дараа Өмнөд Солонгос, АНУ-д байгаа монголчууддаа зориулж тоглолт хийхээр төлөвлөжээ. Үүний дараа шинэ цомгийнхоо ажилд орох ба тэд дараагийн хийх уран бүтээлүдээ дан хард рок чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа гэсэн шүү. Ерөнхийдөө аялгуутай уран бүтээлээс түр завсарлаж байгаа аж. “Madness”-ын дараагийн цомог ирэх аравдугаар сар гэхэд бэлэн болох ба арваннэгдүгээр сарын эхээр бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Энэ үеэр тус хамтлагийн 15 жилийн ой тохиож байгаа учраас нэлээд том хэмжээний тоглолт болно гэсэн шүү.
Г.ДАША