Дайчид зуслангийн ногоон бүсийг хоггүй болгоно

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Дайчид зуслангийн ногоон бүсийг хоггүй болгоно

Цэрэг эрс эх орон дуудсан цагт хаана ч, хэзээ ч бэлэн байх хатуу тангарагтай. Эх орон хаана ч дуудаж болно. Тиймээс ч хил хязгаар нутгаа хамгаалан манахаас гадна барилгын бүтээн байгуулалтад оролцож, тариа ногоо хураах, мал аж ахуй хөгжүүлэхэд хүртэл цэргүүдийг дайчлах нь бий.  Энэ зуны хувьд дайчдыг хотыг хур хогноос салгах их аянд дайчлан ажиллуулж байна. Нийтдээ 2000 цэрэг оролцох эл аяныг Зэвсэгт хүчний жанжин штаб, НЗДТГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. Хур хог цэвэрлэх аян Салхитын зуслангийн хойд талд орших “Зунжин” худалдааны төвийн дэргэдээс эхэллээ. “Хүрээлэн буй орчныг хамгаалахад зэвсэгт хүчин, иргэдийн оролцоо” аяны нээлтэд  Зэвсэгт хүчний офицер ахлагч нар болон хот, дүүргийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцсон байна. Зуслангийн ногоон бүсийг хур хогноос ангижруулах энэ удаагийн аян шинэ зүйл биш. Урьд өмнө нь хотын төв талбай орчмын цэвэрлэгээнд цэргүүдийг дайчилж байсан. Харин дайчид маань энэ удаа өмнөх шигээ “Энд хог цэвэрлэснээс хуарандаа даргадаа зодуулж байсан нь  дээр юм байна” гэсэн дэл сул үг хэлж, тийм нэгэн хөндий хүйтэн сэтгэлээр хандахгүй гэдэгт итгэлтэй байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж