Үнээ үндэслэлгүй нэмбэл гэрээгээ цуцална гэв

Хуучирсан мэдээ: 2013.06.20-нд нийтлэгдсэн

Үнээ үндэслэлгүй нэмбэл гэрээгээ цуцална гэв

Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны урт хугацаат зээлийг арилжааны банкууд иргэдэд олгож эхэлснээр зарим барилгын компаниуд барилгынхаа үнийг нэмж буй тохиолдол гарч буй аж. Энэ талын гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт олноор ирэх болсон юм байна. Тиймээс Засгийн газартай 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар гэрээ байгуулж, бага хүүтэй зээл авсан барилгын компаниуд орон сууцныхаа үнийг үндэслэлгүйгээр нэмбэл гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн 30 минут уулзалтынхаа үеэр мэдэгдлээ. Засгийн газартай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан барилгын компаниудын хувьд зөвхөн зээл бага хүүтэй аваад зогсоогүй дэд бүтэц татахад нь төрөөс дэмжлэг үзүүлж байгаа аж.  Мөн дээрх асуудлын хүрээнд Монголбанк, Барилга, хот байгуулалтын яам хамтран маргааш сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.

Гэхдээ нэг зүйлийг онцлоход, энэхүү гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээ нь зөвхөн Засгийн газартай 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд гэрээ байгуулсан барилгын компанид хамаарахаас бус бүгдэд үйлчлэхгүй юм. Сануулахад, энэ оны хувьд 30 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орох судалгаа гарсан байна. Өнгөрсөн оны хувьд 11 мянган айлын орон сууц ашиглалтад орж байсан, түүнтэй өнөө жил ашиглалтад орох орон сууцны тоо гурав дахин өссөн үзүүлэлт харагдаж буй болохоор нийлүүлэлт тал дээр асуудал үүсэхгүй. Хямд үнэтэй орон сууцны эхний хэсэг ирэх намар ашиглалтад орох юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж