
Ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригттой ярилцлаа.
-Иргэний Зориг Нам сонгуулийн пропорциональ системийг дэмжиж байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа. Одоогийн өргөн баригдсан сонгуулийн хуулийн төслүүдийн талаар яриагаа эхэлье?
-Сонгуулийн хууль бол зөвхөн сонгуульд оролцдог хэдэн нам, улстөрчдийн хэрэг биш, сонгогч ард иргэдийн эрх ашгийг хамгийн ихээр хөнддөг асуудлын нэг. ИЗН байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхий нийтийн хандлага болсон сонгуулийн пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцооны төлөө явж ирсэн. Сонгуулийн хуулийн шинэчлэл яригдах бүрд бид байр сууриа тодорхой илэрхийлж, УИХ-ын ажлын хэсэгт ИЗН-ын төлөөлөл орж идэвхитэй ажиллаж ирсэн ч харамсалтай нь өнөөг хүртэл бодитой үр дүнд хүрч чадахгүй байна. Харин энэ удаагийн парламент сонгуулийн хуульд олон жилийн туршид яригдаж ирсэн шинэчлэлийг хийж магадгүй дүр зураг харагдаж байгаа. Өргөн баригдсан хоёр төсөл хоёулаа пропорциональ системд суурилсан, хоёр төслийг боловсруулж, дэмжиж гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдийн тоо бараг 30 хүрч байгаа нь шинэчлэл хийгдэж магадгүй гэж хэлэхэд хүргэж байгаа юм. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдлууд Монголын улстөрийн шинэчлэлд голлох үүргийг гүйцэтгэх, сонгуулийн эрх зүйн орны шинэчлэл хийгдэнэ гэсэн бидний итгэлийг бууруулж байна.
-Та МАХН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар хэлж байна уу?
-Тийм. МАХН сонгуулийн өнөөгийн тогтолцоог хамгаалж ирсэн гол улстөрийн хүчин. Энэ утгаараа тэд Монголын сонгуулийн тогтолцооны болж бүтэхгүй болгонтой шууд хамааралтай. Сонгогчдын санал парламентад тусгалаа олдоггүй, мөнгөний хүчин зүйл шийдвэрлэх үүрэгтэй болсон, сонгогчдын саналыг худалдан авдаг ёс бус явдал хавтгайрсан гээд манай сонгуулийн тогтолцооны гажиг, согог бүхэн өнөөгийн мажоритар тогтолцооноос үүдэлтэй юм. Харин 2008 оны үеэс эхлэн С.Баяр даргынхаа үед МАХН түүхэндээ анх удаа сонгуулийн пропорциональ тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэгээд ч энэ удаагийн сонгуулийн хуулийг шинэчлэх ажлын хэсгийг УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга ахалж пропорциональ дээр суурилсан хуулийн төсөл боловсруулсан. Улмаар парламентийн төдийгүй улстөрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудын хүрээнд тодорхой хэлэлцүүлэг өрнөж, гишүүдийн өргөн барьсан хуулийн хоёр төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулахаар болж ажил урагшилж байтал МАХН урьдын адилаар зөвхөн намд нь аль хувилбар нь ашигтай вэ гэсэн сонголт хийж эхэллээ. Өөрөөр хэлбэл МАХН зөвхөн өөрийн байр сууринаас төдийгүй нийгмийн дэвшлээс ухарлаа.
-МАХН-ын Удирдах зөвлөлийн санал болгож байгаа холимог хувилбар өнөөгийн үүсэн нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй гэж та үзэж байна уу?
-Тийм боломж байхгүй. Одоогийн сонгуулийн тойрог хэвээр хадгалагдаж, УИХ-ын зарим гишүүдийг мажоритараар сонгох нь дэвшил авчрахгүй. 100 хувь, цэвэр пропорциональ тогтолцоо л миний дээр дурьдсан олон гажгийг засаж чадна. Энэ янзаараа бид 2012 онд хууль ёсны төр засгаа байгуулж чадахгүй байдалд ч хүрч мэднэ. Өнгөн талдаа холимог хувилбарыг санал болгож байгаа нэртэй ч нийгмийн зөвшилцөл бий болох суурь нь тавигдаад байгаа пропорциональ хуулийн үзэл санааг парламент дээр унагах санаархлыг л МАХН-ын удирдлага агуулж байна. Тиймдээ ч улс төрийн шийдэл нэрээр дэвшилтэт үзэл санаа бүхий гишүүддээ ил далд тулгалт хийж байгаа биз. Тэгээд ч эрх баригч намын удирдах байгууллага нь бодлогын асуудлаа авч ороод парламентаараа шийдүүлдэг байдал Монголд үгүй болоод удаж байгаа болохоор би холимог хувилбар батлагдана гэж бодохгүй байна. Өнөөдөр олонхи болсон нам нь сонгодог утгаараа эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй болтлоо доройтсон. Төрийн эрх мэдлийг сонгогчдоос эрх авсан нам биш, харин нам дамнасан улс төр, эдийн засгийн явцуу бүлэглэлүүд барьж байгаа нь одоо хэнд ч тодорхой болсон.
-Тэгвэл тэр бүлэглэлүүд ямар сонголт хийх бол?
-Тэдэнд ямар ч үзэл баримтлал байхгүй. Эд хөрөнгө, эрх мэдэл бол тэдний үнэт зүйлс. Тийм болохоор зөвхөн өөрт нь хамгийн ашигтай байх шалгуураар сонголтоо хийнэ. Өөрөөр хэлбэл санхүүгийн хувьд нэгэнт хүчирхэгжсэн бүлэглэлүүд жижиг тойрогт сонгогчдын саналыг хялбар аргаар худалдан авдаг одоогийнхоо тогтолцоог аваад үлдчих вий гэсэн болгоомжлол надад байгаа. Өнгөрсөн сонгуулиар ард түмнээсээ эрх авсан МАХН нийгмийн дэвшлийн төлөө явах үүргийг хамтад нь хүлээсэн баймаар. Харамсалтай нь тэд нийгмийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна.
З.БОРГИЛМАА