Ерөнхий сайд юу хэлчихэв?

Хуучирсан мэдээ: 2010.06.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд юу хэлчихэв?

Ерөнхий сайд С.Батболд амралтын өдрүүдэд ард түмэндээ сюрприз дэлгэлээ. Тэрбээр “Тавантолгойн орд газрын ашгийг бүх ард нийтэд хувьцаа хэлбэрээр тараана” гэж амлалаа. Хэдийгээр байгалийн баялгаас монголчууд хувь хүртэх ёстой гэсэн ерөнхий амлалт аль хэдийнэ дэвшүүлсэн ч гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ удаа Тавантолгойгоос хувьцаа тараана гэж албан ёсоор амласан нь сайхан сонсогдож байна. Үүний үргэлжлэл болох мэдээллийг өчигдөр бүгд нийтээр УИХ-ын бүлгүүдийн хуралдаанаас анирдаж байлаа. Иргэдэд хамгийн түрүүнд хүрсэн мэдээллээр бол лавтай Тавантолгой 100 хувь төрийн эзэмшилд байх бөгөөд үүний 10-аас доошгүй хувийг иргэддээ хувьцаа олгоно гэсэн мэдээллээр чимэглэгдэв. Гэхдээ ордыг хоёр хэсэг болгоод нэгийг төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” бүрэн хариуцах уу, нөгөөд нь гадаад дотоодын компаниудыг уралдуулах гээд байна уу, эсвэл 100 хувь дээрээ оператор компаниудыг ажиллуулаад иргэд 10 хувийнх нь хувьцааны ногдол ашгаа хүлээн суух уу гэдэг нь ойлгогдсонгүй. Маргааш, нөгөөдөр болох УИХ-ын чуулганаар илүү тодорхой болох биз.

Гэхдээ яг өнөөдөр иргэн Дорж, Дондог, өөрөөр хэлбэл таны, миний хувьд “Би хэрхэн яаж эх орныхоо баялгаас, тухайлбал Тавантолгойн орд газраас хувьцаа эзэмших вэ” гэдэг амин чухал асуулт аман дээр гарч ирж байна. Ерөнхий сайд С.Батболдыг сэтгэлийн хөөрлөөр дээрх амлалтыг хэлээгүй гэж найдаж байгаа учраас илүү тодорхой мэдээлэл, тооцоо, тайлбар хүлээж байна.

Гүйцэтгэх засаглалын чихэнд чимэгтэй энэ амлалтыг сонссон хүн болгонд ийм асуултууд төрж байгаа байх. Хэзээ, хэрхэн, яаж… гэхмэтчилэн жирийн иргэн бидэнд асуух зүйл олон байна.

Хамгийн эхний асуулт бол Тавантолгойн ордоо хувьцаа болгох гэж байгаа юм уу, эсвэл орлогоос нь ашиг олгох уу?

Ордоос хувьцаа эзэмшүүлнэ гэж байгаа болохоор иргэн бүрт ягаан, цэнхэр тасалбар шиг батламж хувьцаа олгоод ашиглалт эхэлсний дараа түүнд тохирсон ногдол ашиг олгох гэж байгаа юм болов уу гэсэн эхний ерөнхий төсөөлөл бууж байна. Гэхдээ яг ингэж тайлбарласан албаны үг өнөөхөндөө алга. Монголчуудын дийлэнх олонхийн хувьд хувьцааны талаар ойлголт хомс. Мэдээж энд ягаан, цэнхэр хувьцаа адил хүмүүст үр өгөөжгүй хий хоосон зүйл болчих вий гэдгийг нэгэнт тооцоолсон, илүү нарийвчилсан байх гэж найдаж байна. Өмнө нь “Баянмонгол” корпораци байгуулах гэх мэтчилэн иргэн бүрт хувьцаа олгох боломжийн талаар олонтаа яригдаж байсан шүү дээ. Гэхдээ яг одоо бидэнд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл, ойлголт хэрэгтэй байна.

Дараагийн нэг чухал асуулт бол хувьцаа хэр бодитой, үр өгөөжтэй байх вэ? Энэ асуултыг эрхэм Ерөнхий сайдын үгэнд эргэлзсэндээ тавьж буй биш. Харин  Монголын өнөөгийн үнэт цаасны зах зээл ямар байгаа вэ, дэлхийд томд тооцогдох ордынхоо хувьцааг иргэн бүрд тараахын тулд яаж ажиллах ёстой вэ гэдгээ мэдэж буй эсэхэд эргэлзэж байгаа юм.

Монголд өнөөдөр үнэт цаасны зах зээл үнэндээ өлгийдөө байна. Өнгөрсөн хоёрдугаар сард дэлхийн нэрт эдийн засагч Эрнандо де Сато Монголд ирээд хөгжил маань тушаатай байгаагийн ужгийг сануулаад буцсан. Монголчууд зах зээлийн нийгэмд хөл гишгэсэн 20 жилийн хугацаанд малыг малчдад, хотынхонд орон сууцыг нь олгож, хожуухан хэдий ч иргэн бүртээ газар өмчлүүлэх ажлыг эхлүүлсэн. Иргэдээ хөрөнгөжүүлэх гэж их хичээсэн, чамгүй ажил ч хийсэн ажээ. Гэхдээ байгаа эд хөрөнгөө санхүүгийн харилцааны эргэлтэд оруулах тогтолцоогүй, бүртгэлжүүлэлт “О” байгаа учир дор хаяж найман тэрбум ам.долларын хөрөнгө үнэгүйдэж, зах зээлийн “Зэлтэрийн гацаа” болжээ. Өөрөөр хэлбэл, иргэн Х-ын эзэмшчихээд байгаа 0,7 га газар, чамгүй үнэлэгдэж болох шавар байшин, хашаа сэлттэйгээ харахад хөрөнгө боловч, барьцаа болгож зээл авах боломжгүй, үхмэл хөрөнгө болон сүглийж байна. Эдийн засгийн харилцаанд оруулж чадвал алт болж чадах хөрөнгө байх ч бүртгэл, баталгаажуулалтгүй байна гэсэн үг. Энэ бол бидний нүдэнд дээр ил харагдаж байгаа наад захын асуудал. Цаашилбал, үл хөдлөх хөрөнгө, том, том обьектуудыг ч санхүүгийн харилцаанд оруулж эргэлдүүлэх орчин манайд тааруу хэвээр. Тэр хэрээр зах зээлийн хөдлөх хүч суларч, амь орохгүй сулбайсаар байгааг сануулсан.

Тэгэхээр Тавантолгойгоо хувьцаа хэлбэрээр хүртэхийн тулд хийх ажил чамгүй их байх нь. Зөвхөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, баталгаажуулалт, эргэлтийг хангах асуудал бус цогцоор нь санхүүгийн зах зээлийн харилцаагаа төгөлдөржүүлж байж эдийн засаг маань том үсрэлт хийж чадна. Одоохондоо зэрэглээ төдий байгаа санхүүгийн бизнес гэх энэ салбарт монголчууд хувьсгал хийх хэрэгтэй болох нь. Цагаан морин жилийн үзэл санааны хувьсгалын үргэлжлэл, хувь хүний эрх чөлөөг эдийн засгийн эрх чөлөө, аюулгүй байдлаар нь хангах жинхэнэ ёсны эдийн засгийн хувьсгалын нэг хэсэг.

Бие биетэйгээ уялдаа холбоотой санхүү, үнэт цаасны зах зээлийн өнөөгийн унтаа байдлыг халахгүйгээр мянган сайхан хувьцаа гаргах гээд чармайгаад  үр дүнд хүрэхгүй. Эдийн засгийн харилцааг эрүүлжүүлж чадахгүй бол мянган орд газар байгаад нэмэр бага. Тийм болохоор энэ салбарт өнөөдөр шинэтгэл хийх шаардлага дэлбэрэхэд бэлэн түмбэлзэж байгаа галт уул шиг шийдлээ хүлээж байгаа. Үүнийг хийж чадахгүй ахул эдийн засгийн хөгжлийн түлхүүр болох ёстой  их инерц, энерги, галт уулын утаа, гамшиг болон биднийг тургиж орхино. Их хүлээлт эрсдэл дагуулдгийн адил яндашгүй баялгаа ашиглах их хүлээлтийн өмнө хийсэн байх ёстой эдийн засгийн шинэтгэл хувьцаа хэмээх шидэт үгээр өдөөгдөж байна. Буруу тийш эргүүлбэл хоосон амлалт, бүр цаашилбал эдийн засгийн маань алуурчин ч болж болох, зөв залж гэмээнэ иргэн бүрийн сайхан амьдралын эхлэл, эдийн засгийн хөгжлийн түлхэц болох ёстойн учир та бүхний тооцоо, судалгаа, цаашид хийх гэж байгаа алхмыг иргэд бид шил шиг тунгалаг цонхоор хамтдаа харахыг хүсч байна. Өмнө манай тоймч Л.Нарантөгс тоглоомын дүрмээ нээлттэй болгооч гэж бичиж байсан.  Тоглоомын дүрэм тодорхой бөгөөд нээлттэй байх тусмаа зөв гольдролоо олоход дөхөм байдаг болохоор… 

Эцэст нь асуухад, Ерөнхий сайд аа, төв талбайн дэргэдэх ягаан байшингаар л төсөөлөгддөг дээр дурдсан цэнхэр, ягаан хувьцааны таагүй дурсамжийн тодотголоосоо салж чадаагүй байгаа Монголын хөрөнгийн бирж иргэн бүрт хувьцаа тараах энэ ажлыг тань нугалах бэлтгэл, чадамжтай байгаа юу?

Монголын үнэт цаасны зах зээл, хувьцааны арилжааны мэдээнд л нэр нь гарч ирдэг Монголын хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээлийн ганц зохицуулагч мөртлөө нэр нь тодорч, үйл ажиллагаа нь танигдаж чадаагүй байгаа Санхүүгийн зохицуулах хороо үүнд бэлэн байна уу?  Эндээс иргэн бүрийн хувьцаа алтан болох их ажил эхлэх буй за.

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж