Машин, тоног төхөөрөмж гардуулна

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Машин, тоног төхөөрөмж гардуулна

Монгол орны газар зүйн байрлал, эмзэг экосистем болон эдийн засгийн нөхцөл байдал нь уур амьсгалын өөрчлөлтөд улам өртөмтгий болгож байна. Тиймээс экосистемийн үйлчилгээг сайжруулахад цогцоор хандахад чиглэгдсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого явуулах шаардлагаас үүдэн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. Тус төсөл нь Увс, Хэнтий, Дорнод аймгийн нийт 17 сумыг хамардаг. Эдгээр сумын сав газарт эзэлж буй талбай, сум хоорондын зай зэрэгт үндэслэн 9 суманд зохицуулагчийн албыг ажиллуулж байна. Зарим зохицуулагчийн алба нь 2-3 сумыг хамран ажилладаг байна.

Тус төсөл нь Усны тухай хуулийн дагуу Монгол улсын 29 сав газрын 13 дахь сав газар болох Улз гол, 29 дэх сав газар болох Увс нуур, Тэсийн голын сав газарт түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна. Шинээр байгуулагдсан тус 2 сав газрын захиргаад,  төслийн 9 сумын зохицуулагчийн албыг бэхжүүлэх зорилгоор нийт 11 машиныг албан тасалгааны тавилга, төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгөх ёслол маргааш /2013.06.20/ БОНХЯ-ны гаднах зогсоолд 15.00 цагт болох аж. 

Улмаар Түргэн/Хархираа ууланд мөстөл судлалын өртөө, Улз болон Түргэн/ Хархираа голын сав газруудад гадаргын усны 3 харуул байгуулах,  Ховд (Цамбагарав Хайрхан) болон Баян-Өлгий (Алтай таван богд) аймагт байрлах Мөстөл судлалын өртөөг бэхжүүлэхэд ЦУОШГ-т холбогдох тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгснөөр гадаргын ус, мөнх цас, мөсөн голуудын мониторинг сүлжээг өргөтгөх, мэдээллийн санг бэхжүүлэхэд чухал  хувь нэмэр оруулах ажээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж