Цэргийн дүйцүүлэх албаны сургалтанд хамрагдав

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Цэргийн дүйцүүлэх албаны сургалтанд хамрагдав

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабынхан 2013 оноос цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа 40 дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг хээрийн байрлалд зохион байгууллаа. Батлан хамгаалахын сайд, Өмнөговь аймгийн Засаг даргатай байгуулсан 2013 оны хамтран ажиллах гэрээ, Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны Үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу зохион байгуулсан энэхүү сургалтанд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн зэвсгийн мэргэжлийн ахлагч, Хилийн 0131 дүгээр ангийн хилийн албаны офицер нар мөн ажилласан байна.

Сургалтын хөтөлбөр, хичээлийн хуваарийг цэргийн сургалт бэлтгэлийн стандартын дагуу төлөвлөн сургалтын цагийн 30 хүртэлх хувийг онолын хэлбэрээр, 70 хүртэл хувийг дадлагын хэлбэрээр зохион байгуулжээ. Тухайлбал, “Бие бялдрын бэлтгэл”, “Батлан хамгаалах хууль тогтоомж, цэрэг эх оронч хүмүүжил”, “Жагсаалын бэлтгэл” хичээл, “Цэргийн дүрэм” , Үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх бэлтгэл” хичээл, “Галын бэлтгэл” хичээл, “Хил хамгаалалтын бэлтгэл” хичээл зэрэг нийт 140 цагийн хичээл орсон байна.      

Өмнөговь аймгийн 7 сум БНХАУ-тай хил залгаа оршдог. Энэ онцлогт тохируулан Хил хамгаалалтын бэлтгэл хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгаж оруулсан нь хил орчмын газар нутагт амьдардаг иргэдэд хил хамгаалах туслах хүчинд үүрэг гүйцэтгэх дадлага чадварыг олгосон байна. 


   
Сургалтанд хамрагдагсдад цэргийн хэргийн мэдлэг, дадлагыг олгохын тулд хичээл бүрийн материаллаг хэрэгслийг сайтар хангаж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас сургалтын зэвсэглэл, химийн болон биеийн тамирын техник хэрэгслийг ашиглажээ. Сургалтаар онол, дадлагыг хослуулж, төрөл бүрийн норматив, дадлагуудыг  өдөр бүр хийлгэж дүгнэхийн зэрэгцээ авхаалж самбаа сорьсон спортын уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж явуулсан нь дайчдад цэргийн анхан болон гүнзгийрүүлэх шатны мэдлэгийг богино хугацаанд олгоход үр дүнгээ өгсөн гэж зохион байгуулагчид онцолж байна.

Хуулинд зааснаар цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа дайчид 180 хоногийн хүмүүнлэгийн ажилд оролцох ёстой байдаг. Энэ хүрээнд Гурвансайхан ууланд байрлах төрийн албан хаагчдын Тосонгийн амралтын баазын 8 километр замын чулуу, хайргыг цэвэрлэн, үер усанд эвдэрсэн хэсгийг засварлаж машин техник зорчих аятай нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ бүл хүч цөөтэй 2 айлын хашаа хороог засварлах зэрэг хүмүүнлэгийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.   








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж