Хоёр хөрштэй хийсэн худалдаа буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Хоёр хөрштэй хийсэн худалдаа буурчээ

Төв банк тавдугаар сарын гадаад худалдааны тайланг гаргасан байна. Ингэхдээ гадаад худалдааны эргэлт, тэнцлийн алдагдал, экспорт, импортийн өөрчлөлтийг авч үзжээ.

Гадаад худалдааны эргэлт энэ оны тавдугаар сарын эцсээр 4,111 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5%-иар буюу 236 сая ам.доллараар буурсан ажээ. Үүнд экспорт 56 сая ам.доллараар, импорт 180 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн байна. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 49 хувь буюу 1,995 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 15 хувь буюу 601 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийжээ. Улс орнуудтай хийсэн худалдааны өсөлт, бууралтаар авч үзвэл БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 22 хувиар тус тус буурсан ажээ. Өөрөөр хэлбэл, урд, хойд хоёр хөрштэй хийсэн худалдаа буурч байгаа юм байна.

Харин гадаад худалдааны тэнцэл буюу гадагшаа гаргах, гаднаас авч буй  худалдааны тэнцвэр тавдугаар сарын  байдлаар 825 сая ам.долларын алдагдалтай гарсан тухай мэдээллээ. Гэвч энэ тэнцлийн алдагдал нь жилийн өмнөхөөс 13 хувиар буюу 124 сая ам.доллараар буурсан бөгөөд үүнд экспорт 3%-иар, импорт 7%-иар буурсан нь нөлөөлсөн байна. Гадаад худалдааны тэнцэл нь экспортолсон барааны үнийн дүнгээс  дотогш нь оруулж ирж байгаа импортын үнийн дүнг хассан зөрүүг хэлдэг байна. Үндсэндээ тэнцэл алдагдалтай гарч байна гэдэг нь бид бага юм үйлдвэрлэж,  доллараар гадагш зарсан бол түүнээсээ их доллараар гаднаас юм авсанаас үүддэг тухай эдийн засагчид дүгнэдэг юм. Тэгэхээр манай уул уурхайн салбар идэвхжихийн хэрээр бүтээн байгуулалт хийхийн тулд хэрэгтэй тоног төхөөрөмжийг гаднаас их оруулж ирж байсан бол одоо энэ байдал харьцангуй багасч байгаа гэдэг. Цаашдаа уул уурхайн бүтээн байгуулалтаасаа бэлэн бүтээгдэхүүн гаргаж, экспорт, импортын тэнцвэрийг хангах боломжтой ажээ. Түүнчлэн худалдааны салбарыг зөвхөн уул уурхайгаар хэмжих нь учир дутагдалтай гэдэг бөгөөд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааг эрчимжүүлснээр энэ тэнцвэрийг хангах боломж бийг эдийн засагчид хэлж байна.

Экспорт, импортын задаргаа

Энэ оны тавдугаар сарын байдлаар экспорт жилийн өмнөхөөс 3.3 хувиар буурсан бөгөөд үүнийг албаныхан ашигт малтмалын экспортын 7%-ийн бууралттай холбон тайлбарлаж байна. Гол нэрийн бүтээгдэхүүний ангиллаар авч үзвэл төмрийн хүдэр ба баяжмал, мөнгөжөөгүй алтны экспортын өсөлтүүд нь уг бүлгийн өсөлтийн 12%-ийг бүрдүүлжээ. Улсад ашиг оруулж ирдэг экспортыг уул уурхайн салбар бараг дангаараа үүрдэг гэдэг бөгөөд бүр 97 хувийг эзэлж байсан. Ийнхүү тавдугаар сарын байдлаар нийт экспортод ашигт малтмалын бүтээгдэхүүний эзлэх хувь буурснаар нийт экспортын 88 хувийг бүрдүүлэх болжээ. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн голлох дөрвөн түүхий эдийн экспорт ашигт малтмалын экспортын 84 хувийг, нийт экспортын 74%-ийг тус тус эзэлж байгаа тухай Төв банкныхан мэдээллээ.

Импортын тухайд, мөн энэ хугацаанд  7 хувиар буурсан бөгөөд үүнд үйлдвэрлэлийн орцын бууралт нь 3 хувь, нефтийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний импорт, бусад бүтээгдэхүүний импорт тус бүр 1.0 хувиар буурсантай холбоотой ажээ. Импортыг бүрдүүлж буй бүтээгдэхүүний задаргааг авч үзвэл, 48 хувийг үйлдвэрлэлийн орц болон нефтийн бүтээгдэхүүн, 12 хувийг өргөн хэрэглээ, 3 хувийг хүнсний бараа , үлдсэн 37 хувийг бусад төрлийн импортын бүтээгдэхүүн эзэлж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж