Төрийн үйлчилгээний цахим машин ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Төрийн үйлчилгээний цахим машин ажиллаж эхэллээ

Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах, хялбар дөхөм болгохын тулд “Төрийн үйлчилгээний цахим машин"-ы эхний 17 ширхэгийг өнөөдөр нийслэлд суурилуулж, ашиглалтад орууллаа.

"ТҮЦ машин" гэж товчлон нэрлэж буй энэ төхөрөөрөмжөөс иргэд цахим үнэмлэхээ ашиглан оршин суугаа хаягийн тодорхойлолт гаргуулж, цахилгааны төлбөрөө төлж, өдөр тутмын сониноо захиалах боломжтой. Мөн гэрлэлтийн бүртгэлийн, ААН-ын орлогын болон хувь хүний орлогын албан татварын гэхчлэн иргэний бүртгэлийн 6 төрлийн, Татварын ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа авч болно. Яам, агентлаг, төрийн байгууллагуудад санал хүсэлт, өргөдөл гомдлоо ч энэ машинаар дамжуулан илгээж болно.

“Төрийн үйлчилгээ гэрийн чинь хаяанд ирлээ. Намар гэхэд улсын хэмжээнд 230 ширхэг ийм машин байршуулна. Иргэд маань төрийн үйлчилгээг хүнд суртал, хүлээгдэл чирэгдэлгүйгээр, танилын царай харахгүйгээр авах боломжтой боллоо” гэж нийслэлийн алслагдсан хэсгийн нэг Баянхошууны Хөтөлд суурилуулсан “ТҮЦ машин”-ыг ашиглалтад хүлээн авах үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

“ТҮЦ машин”-аас үзүүлэх үйлчилгээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд дууриалгах, хуулбарлах боломжгүйюм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж