Ирэх долоо хоногт Английн Лондон хотноо эхлэх “Уимбльдон”-нд АНУ-ын нэрт теннисчин Винус Уильямс оролцохгүй гэдгээ фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгджээ. Тэрбээр “Уимбльдон”-д оролцох бэлтгэл бүрэн биш бөгөөд бүх зүйл удахгүй хэвийн болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Удахгүй бүх зүйл сайхан болж теннисний талбайдаа эргэн ирэхээ мэдэгдсэн Америк бүсгүйн үе мөчний өвчний бэртэл нь түүнийг амжилттай тоглоход саад болсоор.
Винус Уильямсын хувьд “Их дуулга”-ын долоон түрүүг хүртэхдээ “Уимбльдон”-д таван удаа /2000, 2001, 2005, 2007, 2008/ түрүүлсэн билээ. Тэрбээр "Их дуулга"-ын хосын төрөлд дүү Серенагийн хамт хослон тоглож 13 түрүү хүртэж, гурван олимпийн наадмын алтан медалийг /2000, 2008, 2012/ хүртсэн.
Винус Уильям энэ оны анхны "Их дуулга" болох Австралийн нээлттэй тэмцээний 1/32 шигшээд ОХУ-ын Мария Шараповад ялагдсан бол Францын нээлттэй тэмцээний нэгдүгээр тойргийг давж чадаагүй билээ.
Ч.БОЛ