Хотын захиргааны шинэ байрны шав тавилаа

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Хотын захиргааны шинэ байрны шав тавилаа

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутагт есөн га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар болж, өнөөдөр шав тавих ёслолыг хийхээр болов. Хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харъяа агентлагууд гэсэн дөрвөн блок барилгаас бүрдэх бөгөөд гадна орчны тохижилтыг давхар шийдэх ажээ.  Хотын захиргааны шинэ цогцолборыг хоёр жилийн хугацаанд барих ба барилгын ажилд 37,1 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Шав тавих ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцов.  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Шинэ Улаанбаатарын дүр төрхийг илэрхийлсэн томоохон бүтээн байгуулалтууд ар араасаа хөвөрсөөр байна. Бид ойрын дөрвөн жилийн дотор гэр хорооллыг тохилог амины орон сууц бүхий хороолол, хотхон болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж, эхний бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Ирээдүйд олимпийн хот болох шинэ Улаанбаатарын төвийг бид нийслэлийн хамгийн их хүн амтай СХД-ийг сонгон барихаар төлөвлөлсөн нь санамсаргүй хэрэг биш юм. Баянхошууг бид 200 мянагн хүн ам амьдрах хотын дэд төв болгон хөгжүүлж, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхээр зорьж байна”  гэдгийг ёслолын үеэр онцоллоо.  

 Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж