Кубын нийслэл Гавана хотноо 11-16-нд болсон Роберто Баладогийн нэрэмжит олон улсын тэмцээнээс Монголын боксчид гурван медаль хүртлээ. Ширэн бээлийтнүүд тус тэмцээнд найман тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос 60 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай аваргын алтан медаль хүртсэн бол 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-ын жинд Д.Энхдэлгэр нар хүрэл медалийн эзэд болжээ. Тэмцээний 56 кг-ын жинд тоглосон Гавьяат тамирчин Н.Төгсцогтын хувьд бэлтгэлийн үеэр гартаа хөнгөн бэртэл авсан байсан бөгөөд Кубын рингэнд хийсэн эхний тоглолтдоо хоёрдугаар үеийн төгсгөлд бэртлээс шалтгаалан өөрийн хүсэлтээр тэмцээнийг орхижээ. Бусад тамирчдын хувьд урьдчилсан тоглолтуудад ялагдсан байна.
Монголын боксын шигшээ багийн үндсэн тамирчид зургаан орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр тавдугаар сарын дундуур эх орноосоо мордсон юм. Молдавт 10 хоногийн турш бэлтгэл хийгээд Кубыг зорьсон ширэн бээлийтнүүд зургадугаар сарын 4-9-нд болсон Кордова Кардины олон улсын тэмцээнээс гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ. Хоёр дахь нь болох Роберто Баладогийн тэмцээнээс ийнхүү гурван медаль зүүсэн ширэн бээлийтнүүд өнөөдөр өглөө эх орондоо ирсэн байна.
Боксчид долдугаар сарын 6-17-нд ОХУ-ын Казаньд болох “Универсиад” наадмын бэлтгэлээ базаахаар маргаашнаас нэгдсэн бэлтгэлд гарах ажээ.
С.ЦЭЛМЭГ