Д.Батхуягийн хорих ялыг 6.6 жил болгон нэмжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Д.Батхуягийн хорих ялыг 6.6 жил болгон нэмжээ

Хууль зөрчин замбараагүйгээр лиценз олгосон буруутай  болох нь хоёр шатны шүүхээс тогтоогдож, хорих ялаар шийтгэгдээд байгаа Д.Батхуяг нарын АМГ-ын хуучин удирдлагуудын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хяналаа.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Д.Батхуяг, Л.Даваацогт, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзсэн байна.  Харин давж заалдах шатны шүүхээс ялтнуудад ногдуулсан ялыг хөнгөрүүлсэн нь буруу гэж үзсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй байна хэмээн дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгожээ /Нийслэлийн шүүх дээрх хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд, тэдэнд оногдуулсан хорих ялыг Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг 4 жил хорих, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг 3 жил 6 сар хорих болгон өөрчилсөн юм/.

Харин өнөөдрийн хурлаас ийн ял хөнгөрүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр Д.Батхуягт чанга дэглэмтэй хорих ангид 6.6 жил хорих, Л.Даваацогтод чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил хорих, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт жирийн дэглэмтэй хорих ангид 5.1 жил хорих ял тус тус оногдууллаа. Мөн хүчингүй болгосон 106 тусгай зөвшөөрлийн тухайд лиценз эзэмшигч компаниуд нь сонгон шалгаруултад оролцож лицензээ авах эрх нээлттэй үлдэж байгааг Дээд шүүхийн тогтоолд тусгахаар болжээ.

Хэргийг сануулахад, Д.Батхуяг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтой бүлэглэн 2009, 2010 онуудад албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт 106 тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгон, Ашигт малтмалын газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлджээ. Түүнчлэн Ашигт малтмалын газраас өнгөрсөн 2009 оны есдүгээр сарын 5-25-ны өдрүүдэд явуулсан геологи, хайгуулын ажлын тайланг газар дээр нь тулган баталгаажуулах шуурхай хяналт, шалгалтаар "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2008 онд хийсэн хайгуулын ажилд зарцуулсан зардал нь хуульд заасан доод хэмжээнд хүрээгүй болох нь тогтоогдож Ашигт малтмалын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас тус компанийн дөрвөн тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу цуцлах тухай дүгнэлт гарсан байхад "Саусгоби сэндс" ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг хэрэгжүүлэлгүй, үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тус компанийн эзэмшилд байсан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах "Хайрхан толгой" нэртэй 72499 гектар талбай бүхий, 42.867.979 тонн чулуун нүүрсний нөөцтэй ашигт малтмалын 5261X дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогтын өнгрөсөн 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр 231 дугаартай шийдвэрээр сэргээлгэж, 2010 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 434 дугаартай шийдвэрээр найз С.Жаргалсайханд, "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх замаар хээл хахуульд авсан гэмт хэргийг Д.Батхуяг зохион байгуулсан, Л.Даваацогт гардан гүйцэтгэгчээр оролцсон байдаг. С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нар нь 5261Х дугаарт тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг хээл хахуульд авсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүх өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр дээрх хэргийг хянан хэлэлцээд Д.Батхуягт төрийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, чанга дэглэмтэй хорих ангид 6 жил 6 сар хорих ял оногдуулжээ. Мөн Л.Даваацогтод төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, чанга дэглэмтэй хорих ангид зургаан жил хорих, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт жирийн дэглэмтэй хорих ангид 5.1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан аж.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасныг зөрчиж олгогдсон  106 тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгосон аж. Үүнээс гадна тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл тогтоогдсон байхад хээл хахууль өгч сэргээлгэсэн "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн дөрвөн тусгай зөвшөөрөл болон хээл хахуульд авсан нэг тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмалын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгосон.

Нийслэлийн шүүх дээрх хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд тэдэнд оногдуулсан хорих ялыг Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид 4 жил хорих, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг жирийн дэглэмтэй хорих ангид 3 жил 6 сар хорих болгон өөрчилсөн. Гэвч энэхүү шийдвэрийг хүчингүй болгох шийдвэрийг Улсын дээд шүүхээс өнөөдөр гаргаж, Д.Батхуяг нарт оноосон анхан шатоны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзжээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж