Аль нэг фитнесс
клуб, бүжгийн дамжааг дөнгөж эхлүүлээд дундаас нь хаясан удаа чамд цөөнгүй бий.
Тэр бүртээ чи төлбөрөө төлөөгүй, ажлаас холдсон, хэтэрхий их ядраад гэх мэт
түмэн шалтаг тоочсон. Үнэндээ чи зүгээр л өөрөө шантарчихсан шүү дээ.
Жилийн өмнөх бэлтгэлээ үргэлжлүүлэн тууштай хийж байсан бол өдийд чи ямар
сайхан биетэй болчихсон байгаагаа төсөөл дөө. Хүссэн хувцасаа дуртайяа өмсөөд
л, бүгд л чамайг шагшин магтах байсан. Гэтэл одоо өөрийгөө хар даа. Алив дахиад
шинээр эхлэе! Дасгал хийх бүртээ дараах 9 зөвлөгөөг санаж байгаарай.
1. Шинийг турш-
Би лав нэгэн хэвийн уйтгартай дасгал
хийх үнэхээр дургүй. Гэхдээ эрүүл, сайхан бие галбиртай байхын тулд идэвхитэй
хөдөлгөөнтэй байх зайлшгүй шаардлага тулгардаг. Хүн өөрөө нэгэн хэвийн зүйлаас
амархан уйддаг. Тиймээс дасгалдаа “дурлах”-ын тулд өдөр бүр өөр өөр дасгалуудыг
маш үр дүнтэйгээр хийдэг. Youtube доторх олон дасгалуудаас өдөр бүр нэг нэгээр
нь туршиж үзээрэй. Гэхдээ мэдээж төлөвлөгөөтэйгээр. Нэг дэх өдөр, гуяны дасгал
хийсэн бол дараагийн өдөр дан хэвлийн дасгал, гурав дахь өдөр өгзөгний дасгал
гэх мэт. Ингэснээр өдөр бүрийн чинь бэлтгэл илүү сонирхолтой үр дүнтэй байх
болно.
2. Яагаад
гэдгээ тодорхойл-
Ихэнх хүмүүс дасгалын эхний хэдэн өдөр үр дүнтэйгээр идэвхитэй бэлтгэлээ хийж
байгаад цаашдаа анхаарал хандуулахаа больдог. Энэ нь тухайн хүн өөрийн зорилгоо
бүрэн мэдрээгүй байгаатай холбоотой. Тиймээс зорилгоо тусгайлан дэвтэр дээр
тэмдэглэ. Жишээ нь “6 сар гэхэд би хэвлийн булчинтай болно” гэж өөртөө амлалт
өг. Ихэнх хүмүүсийн идэвхитэй байдал дасгалын хоёр дахь долоо хоногоос суларч
эхлэдэг. Хэрэв гурван долоо хоногийн турш өөрийнхөө зорилгыг ухамсарлан
идэвхитэйгээрэ дасгалаа үргэлжлүүлж чадвал энэ нь яваандаа хувь хүнд хэвшил
болдог. Сарын дараа гэхэд бие организм чинь өөрөө идэвхитэй хөдөлгөөнийг
үгүйлдэг болно.
3. Хамтрагч- Тууштай дасгал хөдөлгөөн хийхэд
идэвхитэй хамтрагч маш чухал. Тиймээс чамтай адил зорилготой хэн нэгэнтэй
хамтраарай. Жишээ нь гэдэсний таталт хийхдээ нэг нэгнийхээ хөлийг тулж өгөх,
ээлж ээлжээр тоогоо тоолох гэх мэтээр бие биедээ шахалт өгөх хэрэгтэй. Энэ
үедээ бооцоо тавих нь үр дүнг илүү түргэсгэх болно.
4. Дууны сангаа
шинэчил- Дуу сонсонгоо
дасгал хийх нь эрч хүчийг нэмэгдүүлдэг. Гэхдээ өдөр бүр нэгэн хэвийн дуу
сонсоод байвал мэдээж залхана. Тиймээс дууны сангаа байнга шинэчилж бай.
Хичнээн ядарч байсан ч цоглог хэмнэлтэй сайхан дуу сонсох үед хөл өөрийн эрхгүй
хөнгөрөөд л явчихна.
5. Гутлаа
шалга- Дасгалаа
тууштай, үр дүнтэй хийхэд хувцас чухал нөлөөтэй. Ялангуяа гутал. Хөлд эвтэйхэн,
чийг татдаггүй, ул зөөлөнтэй, хальтирдаггүй спорт гутал сонгох хэрэгтэй. Үр
дүнтэй өгзөгний дасгал хийх үед хөл халтираад байвал ч хэцүү шүү.
6. Шатаа бас
дахин шатаа!- Дасгал
хийх үед багахан өвдөлт мэдрэгдэх даруйд л бид бууж өгдөг. Ингэснээр маш үр
дүнгүй болно. Өвдөж л байвал нөлөөлж байна гэсэн үг. Тиймээс шүд зуун тоогоо
улам ахиулж дасгалаа дуустал нь хийх хэрэгтэй. Огтхон ч өвддөггүй байсан бол
өнөөдөр хүн бүр л чийрэг чанга биетэй болчихсон байх биз. Тиймээс өвдөлт
мэдрэгдэх бүр өөх шатаж байгаад урамшин улам ихээр шатаагаад байгаарай.
7. Бодол санаа- “Дасгал хийгээд л байдаг үр дүн
алга” гэж гомдоллох хэрэггүй. Чи тэгж бодоод байгаа учраас л үр дүн гарахгүй
байгаа хэрэг. Тиймээс өөрийн бодол санаагаараа бие организмаа эерэг бодлоор
удирд. Угаас эхний хоёр сарын дараанаас л харагдах байдалд өөрчлөлт орно.
8. Бусдаас
үлгэр дуурайл ав- Шантрах
бүртээ түр амсхийгээд бусдыг ажигла. Тэд ч бас өвдөлт мэдэрч байна. Гэхдээ шүд
зуун дасгалаа үргэлжлүүлж байгаа биз дээ? Чи ч бас тэднээс юугаараа дутахав.
Орилмоор байвал орил, амьсгаадаж байгаа бол улам их хичээ. Тэгж байж л
амжилтанд хүрнэ.
9. Өөрийгөө
сорь- Бид өөрсдийгөө
өдөр бүр өөгшүүлж байдаг. Харин өөрөө өөртэйгээ тэмцэж чадсан нь амжилтанд
хүрдэг. Хэрэв чи өнөөдрөөс эрчимтэйгээр дасгал хийж эхлэхээр шийдсэн бол
өөрийгөө хаа хүртэл явахаа сориод үз. Чиний дотор байгаа хүн ямархан их хүч
чадал, тэсвэр тэвчээртэй болохыг хараарай. Үнэндээ бид өөрсдийгөө мэддэггүй
хэрнээ маш сайн мэддэг хүмүүс шиг аашилж байдаг.
Чиний
дотор хэлсэндээ хүрдэг, тууштай, эрч хүчтэй бүсгүй байдаг уу? Харин эсрэгээрээ
юу?