Дэлхийд морин хуур, хөөмийг гайхуулсаар байх болно

Хуучирсан мэдээ: 2013.06.19-нд нийтлэгдсэн

Дэлхийд морин хуур, хөөмийг гайхуулсаар байх болно

Д.Шинэцог-Гени: Дэлхийд Монголын агуу урлаг морин хуур, хөөмийг гайхуулсаар байх болно

Aвстрийн нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадам энэ сарын 7-8-ны өдрүүдэд Aвстрийн Вена хотод зохиогджээ. Тус наадамд  манай ардын хөгжмийн “Домог” хамтлаг хос алтан цом хүртээд иржээ. Уг уралдааны талаар “Домог” хамтлагийн гишүүн, нэгдүгээр морин хуурч Д.Шинэцог-Генитэй ярилцлаа.

-Та хөгжимчин болох замыг яагаад сонгосон бэ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай гэр бүлийнхэн бүгд урлагийн хүмүүс байдаг. Тиймээс миний амьдралтай урлаг салшгүй холбоотой. Тэгээд ч би морин хуур гэдэг хөгжмийг багаасаа зүүдэлж мөрөөддөг байсан. Томоос том тайзан дээр морин хуураа тоглоод, миний өөдөөс хэдэн мянган хүн босч зогсоод баяр хүргээд, алга ташиж байна гэж зүүдэлдэг байлаа. Тиймээс би өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр, явах ёстой замаараа л явж байгаа гэж боддог.

-“Домог” хамтлагийнхан олон улсын томоохон тэмцээнд амжилттай оролцоод ирсэн гэсэн. Ямар тэмцээнд оролцож ямар амжилт гаргав?

-Австри улсын Вена хотноо Франц Шубертийн хөгжмийн дээд сургуулиас зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн уралдаанд манай хамтлагийнхан амжилттай оролцоод ирлээ. Олон улсад үнэлэгддэг тус тэмцээнд "Хамтлаг”-ийн төрөлд манай хамтлаг тэргүүн байр эзэлж, гоцлол хөгжмийн төрөлд миний бие тэргүүн байр эзлээд ирсэн.

-Тус тэмцээнд ямар бүтээлээр оролцсон бэ. Өмнө нь ямар амжилтууд гаргаж байсан талаараа сонирхуулахгүй юу?

-Сая оролцсон тэмцээнд гоцлол хөгжмийн төрөл нь таван минут гэж заасан байсан. Тиймээс би 2011 онд “Алтан намар” хөжмийн наадмын тэргүүн байрын эзэн болж, улсаас 20 сая төгрөгөөр шагнуулж байсан Ш.Өлзийбаярын “Морин хуурын концерт”-ын оргил хэсэг буюу хөгжимчдийн ур чадварыг харуулсан хэсгийг тоглосон. Манай хамтлагийн хувьд энэ тэмцээн анхных нь. Бид хамтлагаараа Монголынхоо брэнд аялгууг тоглохыг зорьсон. Тиймээс “Алтайн магтаал”-ыг “Домог” хамтлагийн найруулгаар тоглосон байгаа. Үргэлжлүүлээд морин хуурын хурд, техникийг харуулж чадах гайхалтай бүтээлийг мөн тоглоод нийтдээ долоон минутын тоглолтыг үзүүлсэн. Харин миний хувьд нэлээд олон тэмцээнд орсон. Тухайлбал, Монголдоо өнгөрсөн онд төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан. Мөн 2004 онд Хойд Солонгост болсон дэлхийн 108 орны хөгжимчид оролцсон тэмцээнд мөнгөн цомын эзэн болсон. Түүнчлэн ОХУ-ын Улаан-Үүд хотноо болсон дэлхийн үндэсний хөгжимчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн гэх зэрэг зургаан тэмцээнд амжилт гаргаж байсан.

-Монголын бүтээлүүдийг тэмцээний шүүгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх сонссон хүмүүс нь “Монгол урлаг ийм байна гэж бодоогүй” хэмээн дуу алдаж байсан. Харин өмнө нь сонсч байсан хүмүүс “Ер нь хоёр утастай морин толгойтой Монголын хөгжмийг мэднэ. Гэхдээ та нарын ур чадвар ийм өндөр хөгжсөн гэж төсөөлөөгүй” гэж хэлж байсан. Түүнчлэн агуу хөгжмийн мэдлэгтэй тус тэмцээний ерөнхий шүүгч, Шубертийн хөгжмийн дээд сургуулийн захирал нь өөрийн биеэр ирж надад баяр хүргэж байсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгч маань мэдээж нутгийн иргэд байсан. Aвстрийн сонгодог гитарчин үнэхээр агуу тоглодог юм билээ. Миний өрсөлдсөн гоцлол хөгжмийн төрөлд тэр гитарчин хоёрдугаар байрын эзэн болсон. Түүнчлэн гуравдугаар байрт орсон Грекийн хөгжимчин ч мундаг чадвартай хүн байсан. Харин "Хамтлаг” төрлийн хоёрдугаар байрт орсон Солонгосын хөгжмийн хамтлаг дэлхий дахинд хөгжиж чадсан агуу урлаг болох сонгодог хөгжмөөр оролцсон. Дэлхийд танигдаж чадсан сонгодог хөгжмийг ардаа орхиод тэргүүн байрт орсондоо баяртай байгаа. Ер нь өндөр зэрэглэлийн тэмцээн учир бүх өрсөлдөгчид маань хүчтэй байсан.

-Тэмцээний бэлтгэлийг хэр удаан хйисэн бэ?

-Вена хотод очоод тухайн газраа бэлтгэл хийх ямар ч боломж байгаагүй. Тиймээс бага зэрэг тулгамдсан. Гэхдээ Монголд байхдаа уг тэмцээнд орох тухайгаа мэдээд өнгөрсөн гуравдугаар сараас бэлтгэлээ эрчимтэй хийсэн. Өөрөөр хэлбэл, бүтэн гурван сарын хугацаанд бэлтгэл хийсэн. Вена хотноо очоод тэмцээн болох зааландаа бэлтгэл хийх гэсэн боловч ямар ч боломжгүй, бараг л загнуулаад гарсан. Тиймээс тэмцээнд ямар нэгэн бэлтгэлгүй шууд орсон.

-Тус тэмцээнд тэргүүн байрыг эзэлсэнээр танай хамтлагт олон сайхан боломж нээгдсэн гэж байсан. Энэ талаар тодруулаач?

-Австри улсад томоохон хэмжээний тоглолтод очиж оролцох боломж ч энэ үеэр гарч ирсэн. Тодруулбал, Австри улсын Вена хотноо суугаа манай улсын элчин сайд биднийг хүлээн авч уулзаад өдрийн хоол хамт идсэн. Энэ үеэр ирэх ес, аравдугаар сард дахин очиж тоглох урилга авсан. Манай хамтлагийн хувьд олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс анхныхаа том шагналыг авсан. Ирэх наймдугаар сарын 22-ноос есдүгээр  сарын 1-нд Болгарт язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. ЮНЕСКО-той хамтран Европын ардын урлагийн наадмын ассоциацаас зохион байгуулж байгаа маш том тэмцээн. Тус тэмцээнд бид дан хөгжмийн төрөлд, мөн уртын дуучид, бүжигчид, уран нугараач зэрэг  уран бүтээлчидтэй хамтран ансамбелийн төрөлд оролцохоор болсон. Тоглолтын найруулагчаар Д.Сосорбарам ах ажиллана. Энэ тэмцээн мөн найруулагчийн төрөлтэй юм билээ. Тиймээс Монголын уран бүтээлчид дэлхийн тэмцээнд гурван төрөлд зэрэг өрсөлдөхөөр болоод байгаа.

-Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд оролцоход Д.Сосорбарам гуайн тус дэм их байсан гэсэн?

-Тэгэлгүй яахав Д.Сосорбарам ахдаа маш их баярлаж байгаа. Анх манай хамтлагийн таван жилийн ойн тоглолт 2011 оны арванхоёрдугаар сард болж байсан. Тус тоглолтыг маань Д.Сосорбарам ах урилгаар ирж, найруулж өгсөн. Тэндээс биднийг олж хараад дэлхийг тойруулна хэмээн амлаж байсан. Үүнээс хойш бид нэлээд олон газраар явсан. Тухайлбал, өнгөрсөн оны  арванхоёрдугаар сард Япон улсын урд хэсгээр тойроод ирсэн. Мөн ирэх есдүгээр сард Хятадын Сувдан театрт тоглохоор төлөвлөөд байгаа гэх зэргээр тоглолтууд үргэлжилсээр байх болно. Өөрөөр хэлбэл, бид дэлхийд Монголын агуу урлаг болох морин хуур, хөөмийг гайхуулсаар байх болно.

Ж.ОТГОНМЯГМАР
Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж