
-“БНСУ-аас санхүүжих 34 тэрбум төгрөгийн төсөлд тухайн үеийн сайд Ц.Нямдорж гарын үсэг зурсан. Үндэсний аудитын газрынхан төслийн гүйцэтгэл ямар болсныг шалгахад 853 сая төгрөг дутсан байна” гэх мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хийж байна. Ийм асуудал байгаа эсэхийг Хууль зүйн яамнаас л тодруулна гэж бодож байна?
-34 тэрбумын төсөлд сайд Ц.Нямдорж гарын үсэг зурсан, аудитын газраас шалгахад нь 853 сая төгрөг дутсан гэх мэдээллийг ярьж явна. Нэг улстөрч, нэг УИХ-ын гишүүний хэлсэн зүйлээс болж Монгол Улс болон БНСУ-ын хамтран хийж буй томоохон ажил зогсох ёсгүй. Энэ яриад байгаа нь Холбоо, хяналт мэдээллийн нэгдсэн сүлжээ гэдэг төсөл. Том төслийг нь хот хэрэгжүүлсэн. ХЗДХ-ийн яаман дээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх камерийн төслийг хэрэгжүүлсэн. Солонгосын тал өөрсдөө зөвлөгөөг нь өгсөн, өөрсдөө шалгаруулалтаа явуулсан. Засгийн газрын болоод яамны зүгээс оролцоо тун бага байсан.
-Сайд хүн төсвийн ерөнхийлөн захирагч байдаг. Ц.Нямдорж гарын үсэг зурсан гэдгээр нь оролцсон гэж тайлбарлаж байна?
-Хэн нэгэн сайдын оролцоо энэ төсөл дээр байгаагүй. 2007 оны тавдугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр БНСУ-д айлчлах үеэр хоёр улсын Засгийн газар хооронд Холбоо хяналт мэдээллийн нэгдсэн сүлжээ төслийн 13,5 сая ам.долларын зээлийн гэрээнд Сангийн сайд гарын үсэг зурсан байдаг. Солонгосын талаас Экспорт импорт банкны ерөнхийлөгч Чён Сик Ян гэх хүмүүс гарын үсгээ зурсан. Өөрөөр хэлбэл, энэ 34 тэрбум төгрөгийн төсөл нь Ц.Нямдорж гэх хүнийг сайдаар томилогдохоос өмнө шийдэгдсэн асуудал. 350 мянган ам.долларын санхүүжилттэй төслийн 300 мянган ам.доллар нь төслийн зөвлөх үйлчилгээний зардалд зориулагдаж байгаа юм. Энэхүү зөвлөх үйлчилгээний хөлсийг Солонгосын Экспорт импорт банкнаас шалгарсан Солонгосын компанид шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ мөнгө Монголд орж ирээгүй. Гол нь хуулийн салбар улс төржилтөөс хол баймаар байна. Хоёр улсын Засгийн газар хооронд, хуулийн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн газрын хариуцсан сайд нь буруу зарцуулснаас болж хэрэгжихгүй байна гэсэн буруу ойлголтыг төрүүлмээргүй л байна.
-Ямар нэг хяналт шалгалт хийгдэж байгаагүй юм уу?
-Энэ төсөлд алдаа байсан уу гэвэл, бий. Одоогийн сайд Х.Тэмүүжин тухайн үед УИХ-ын гишүүн байхдаа өөрийн санаачлагаар хүсэлт гарган аудитын шалгалт оруулж байсан. Тухайн аудитын дүнд алдаа дутагдал байсныг гаргасан байдаг. Гэхдээ тэдгээр алдаа дутагдал нь хэн нэгэн албан тушаалтны хууль бус үйлдлийн тухай биш хоёр улс хоорондын хамтын ажиллагаа, хамтран ажиллах механизм нь сул байгаа тухай, үр ашигтай болгох шаардлага бий тухай дүгнэлт гарсан. Гол нь энэ мэдээллээс анхаарах ёстой чухал зүйл нь хэн нэгэн улстөрчийн буруу мэдээлэлтэйгээс, түүнийгээ олон нийтэд итгэл үнэмшилтэйгээр тарааснаас болж хоёр орны харилцаа, салбарын хөрөнгө оруулалтанд сөрөг нөлөө үзүүлэх вий гэдэг л байна даа.