Монголын хөгжмийн салбарын уран бүтээлчдийн урын сангийн томоохон хэсгийг Австрийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээл эзэлдэг юм. Тиймээс дипломат харилцааны хүрээнд хийж буй соёлын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол, Австрийн уран бүтээлчдийн хамтарсан мастер класс, залуу уран бүтээлчдэд зориулсан сургалт, нэгдсэн “Гала концерт” багтжээ.
Уг соёлын арга хэмжээний гала тоглолтыг Австрийн удирдаач, хийлч Жожи Хаттори Монголын удирдаачидтай хамтран дохих бол Венийн эрэгтэй найрал дууны ерөнхий удирдаач Жералд Верт ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ зэрэг байгууллагуудын найрал дуучидтай хамтран ажиллаж мөн гала концертын найрал дууны том бүтээлийг удирдах юм байна. Уг концерт дээр Ута Корфф, Тина Зердин, Жожи Хаттори нар хамтарсан сонирхолтой бүтээлийг Монголын үзэгчдэд толилуулах бол дуурийн нйаруулагч Беверли Бланкеншип ДБЭТ-ын уран бүтээлчидтэй “Дон Жуан” дуурь дээр хамтран ажиллах аж.
Мөн Австрийн зочдын нэг Венийн консерваторийн багш, босоо ятгачин Тина Зердин ДБЭТ дээр босоо ятга сурах хүсэлтэй залууст сургалт явуулах төдийгүй ДБЭТ-ын симфони оркестортой хамтран ажиллаж, энэ сарын 22, 23-нд тоглох “Тоска”, “Хунт нуур” балетын босоо ятгын гоцлолыг эгшиглүүлэх нь ээ.
Австри, Монголын уран бүтээлчдийн хамтарсан “Гала концерт” энэ сарын 21-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд болох ба ДБЭТ, Улсын филармони, ҮДБЭЧ-ийн Их найрал хөгжим гэсэн гурван том оркестр хамтран Австрийн хөгжмийн суут зохиолчид В.А.Моцарт, И.Штраус, ж.Массене, Ф.Шубарт нарын сонгодог бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх юм.
Гала концертод Австри улсаас Бээжинд суугаа Монгол Улсыг хамаарагч элчин сайд, эрхэмсэг хатагтай Ирен Гинер Рейчл хүрэлцэн ирж оролцох юм.
Монгол- Австри улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан соёлын үйл ажиллагааг ССАЖЯ, Бээжин дэх Австрийн Элчин сайдын яам, Австрийн Боловсрол, Соёл урлагийн яам, Австрийн урлагийн форум зэрэг газрууд дэмжин ажиллаж байгаа юм байна.