Шинэ нисэх онгоцны буудлын ажил эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Шинэ нисэх онгоцны буудлын ажил эхэлжээ

"Үндэсний
бүтээн байгуулалтын корпораци" нь Хөшигийн хөндийд ашиглалтад орох
Улаанбаатар хотын нисэх онгоцны шинэ буудлыг барихаар болжээ. "Үндэсний
бүтээн байгуулалтын корпораци" нь БНСУ-ын "Самсунг" корпорацитай 2013
оны наймдугаар сарын 1-ээс төсөл дуусах өдөр буюу 2016 оны аравдугаар
сарын 20 хүртэл хамтран ажиллах юм байна. Одоогоор нисэх онгоцны буудлын
газар шорооны ажил явагдаж байгаа ба энэхүү төсөлд "Үндэсний бүтээн
байгуулалтын корпораци" нь нисэх онгоцны буудлын барилгын цутгамал төмөр
бетон бүтэцийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэх ажээ. Шинэ нисэх буудал
нь зорчигчдын терминал, нисэх удирдлагын цамхаг, гал хамгаалах станц,
үндсэн дэд станц, ус хангамжийн систем /Цэвэр, бохир ус/, худгийн
насосны байрууд, цахилгаан үүсгүүрийн байр зэрэг 30 гаруй барилгаас
бүрдэх аж.

Харин энэ жил зорчигчдын терминалын суурь, зоорийн
давхар, нэгдүгээр давхрын төмөр бетон бүтээцийн ажлыг хийж гүйцэтгэхээр
төлөвлөсан бөгөөд уг ажлыг 2013 оны наймдугаар сарын 1-ээс аравдугаар
сарын 30 хүртэлх хугацаанд гүйцэтгэх ажээ. Хөшигийн хөндийд баригдах
Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын тендерт Японы
“Мицубиши Чиёода” компанийн нэгдэл ялж, БНСУ-ын “Самсунг” корпорацитай
хамтарч барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон бол Монголын талын
гүйцэтгэгчээр ийнхүү "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци" шалгарчээ.

Шинэ нисэх буудал 2016 оны аравдугаар сар гэхэд ашиглалтад орох
бөгөөд жилд гурван сая хүнд үйлчлэх хүчин чадалтай, зургаан хүзүүвчтэй
байх юм. Энэхүү томоохон төсөлд Монголын талыг төлөөлөн оролцож буй
"Үндэсний бүтээн байгуулалтын корпораци" нь манай улсын барилгын
салбарын тэргүүлэх компаниуд болох "Дельта констракшн", "БҮТИ", "ЕСС",
"Улаанбаатар барилга", "Эрэлт импекс" гэсэн таван компанийн нэгдэл юм.  

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж