судлах, хамгаалахад бүх нийтийн оролцоог идэвхжүүлэх, судалгаа
шинжилгээний сан хөмрөгийг арвижуулах, цаашид байгаль, түүх соёлын өвд
аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслах зорилготой “Сувдан Сондор” найм дахь
удаагийн соёл эрдэм шинжилгээний аялалын баг Дорноговь аймгийн нутгаар
5-р сарын 17-оос 28-ны өдрүүдэд ажилласан юм.
“Сувдан
Сондор-8”-ыг Монголын Соёл Яруу Найргийн Академи, Лувсанданзанравжаа
Академи санаачлан зохион байгуулж, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын
газар хамтран зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж,
Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яам, “Нью Жуулчин Турс” ХХК дэмжин
оролцсон бөгөөд шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид, орон
нутгийн төр захиргааны байгууллагын ажилчид болон хэвлэл мэдээллийн 30
гаруй хүн оролцжээ.
Манай сайт “Дорнын говийн сувдан сондор” цувралыг толилуулж байна. Өмнөх дугаарт Гуа тээг, Солирын тогоог болон Цувираагийн хийдийг хүргэж байсан бол энэ удаа Их Нартыг толилуулж байна.
Их Нарт
Говийн салхийг юу гэж зүйрлэн хэлэхсэн билээ дээ? Элсэн салхи л гэе дээ. Налайсан их тэнгэрийн доор улайссан халуун хөрснөө уугисан их салхин хуйлрал. Ер нь хүмүүний нисэх хүслийг салхи л өдөөж үүсгэсэн байхаа даа.
Хуйсагнуур салхитай өдөр Дaланжаргалан сумаас өглөөн нартай хамт бид хөдөлсөн юм. Цагаан толгой, тоон самбаруудаар дүүрэн, жижиг жижигхэн ширээ сандалтай сургуулийн бага ангийн хичээлийн өрөөнд зулж, аялалынхаа эхний шөнийг дуу шуутайхан өнгөрөөсөн бид соёлын төвөөр нь орж, орон нутгийн музейг нь үзэж, бас зарим залуус маань сумын бүжгэнд вальс эргээд амжсан юм.
Их Нартын байгалийн цогцолбор газар нь сумаасаа баруун хойд зүгт нэлийж тогтсон их хадан уулс юм. Зам мэдэхгүй хүн тэр их хадан дунд төөрч будилахаар юмаа. Амралтын өдөр таарч тус сумын Засаг дарга Ө.Оюунцэцэг болон нутгаа сайн мэддэг Б.Болд гуай хоёр хамт явлаа. Ургах нартай уралдан бид Халзан уулын аршаанд хүрэв. Амсангуут маш их хүчил амтагдана. Энэхүү аршааныг ходоодны үрэвсэл, нугалаа гэдэсний шархлаа, элэг цөс, нойр булчирхай, цус багадалт, тэрчлэн судасны хатуурал, зүрх судасны өвчин, сахарын өвчинд нэн сайн хэмээн Б.Болдсайхан эмч ярьсан юм. Саванд тосоод шууд хүртэхгүй бол савлаад хэдхэн минут болоход л нөгөө хүчиллэг амт нь алга болчихож байна лээ. Иймд хажууд нь сувилалын газар байгуулсан ажээ.
Цааш бид аргаль ажиглах төв дээр очлоо. Америк, Монгол, Японы эрдэмтэд хамтдаа судалгаа хийж байна. Аргаль янгир цугтаа бэлчдэг, мөн нөмрөг тас, урт чихт зараа гээд зэрлэг амьтадын өлгий нутаг ажээ. “Нөмрөг тас” нь дэлхийн хамгийн хөгшин, бас дэлхийн хэмжээнд мөхөж буй тас юм. Монголын нөмрөг тас бол энэ төрлийн тасын дэлхий дээр эрүүл үлдсэн сүүлчиййн тоо толгой юм байна. Их Нартын байгалийн цогцолбор газарт АНУ-ын Денверийн зоо паркийн судлаачид манай эрдэмтэдтэй хамтран сүүлийн зургаан жил ажиллаж байгаа юм байна.
Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг “Орон нутгийн санхүүжилтээр анх удаа байгалийн цогцолбор газарт хоёр зуун тавин сая төгрөгийн санхүүжилт хийж байгаа” гэж ярьсан юм. Энэ бол орон нутаг нь өөрийн нутаг орны байгалийн цогцолбор газарт санхүүжилт хийж хамгаалж буйн сайхан жишээ юм. Монголын өргөн уудам тал нутагт энэ мэт нүдний цөцгий мэт, монголчууд өөрсдөө хайрлан хамгаалах газар орон их буй.
Хүний гараар барьсан дөрвөлжин оройгүй сүм… Цагтаа таван зуугаад лам номын дуугаа таслалгүй хурж байсан эл газарт өдгөө оройгүй сүмийн тууриа тойроод дөрвөн ханатай гэрийн бууриудын ором он цагийн салхинд элэгдэн бүдэрч, түүхийн гэрч болон үлджээ. Монгол аргаар өрж чулуугаар цэвэрхэн барьсан нь Цогтын цагаан байшин, Сүм хөх бүрдийг санагдуулна. Тав зургаагийн харьцаатай, хойд талаараа нилэнхүйдээ зурагтай байж, хэдхэн жилийн өмнө. Өдгөө салхи, усанд урсаад алга болчихож. Хамгийн уран нь чулууны эвээр, байгаллаг төрхөөр нь эвлүүлэн урлажээ.
1937 онд сүм хийд хаагдах үед Өвөрлөгч хошуунд гараад 1945 оны үед эргэн ирж хурал номоо үргэлжлүүлсэн Нүдэнгийн хийдийн лам нар 40-өөд онд эл сүмийг барьсан гэнэ. Тийм ч болохоор л өдий зэрэгтэй оройноосоо бусад нь үлдсэн хэрэг л дээ. Гандангийн үйл ажиллагааг сэргээхэд ном судар, тахил шүтээнээ шилжүүлж, хурлаа тараасан түүхтэй ажээ. Энэ түүх нь Монголын бурханы шашны түүх соёлд нэн үнэтэй бөгөөд эл сүмийг сэргээх нь соёлын болоод шүтээний чухаг цэг болох юм.
Монголчууд үнэхээр эрхэм нандин газраа Нартай зүйрлэн нэрлэсэн байж таарна. Их Нарт бол монголын уугуул ан гөрөөс, өвс ургамалыг хамгаалан авч үлдсэн чулуун хорго, монголын бурхан шашны номын дууг таслаагүй авч үлдсэн “нуувч” хорго, чухамдаа “нар” мэт ээлтэй ивээлтэй онгон дагшин орон ажгуу.



