Монголбанкнаас санаачлан боловсруулсан найман хувийн зээл хэрэгжиж эхэлмэгц зээлийнхээ хүүг найман хувьд шилжүүлэх хүсэлтэй иргэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодорхойлолт авахаар дугаарлан зогсох болжээ. Учир нь арилжааны банкуудаас иргэдийг ипотекийн зээлээс гадна өр төлбөр байхгүй гэдгээ гэрчлэх бичгийг авчир хэмээн шаардсан байна. Тэрхүү бичгийг ганцхан газарт олгож байгаа нь хүмүүсийг ийн дараалал үүсгэн зогсоход хүргээд байгаа юм. Улсын хэмжээнд нийт 32 орчим мянган иргэн 900 гаруй тэрбум төгрөгийн ипотекийн зээл авсан байдаг гээд бодохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан ойрын нэг хоёр сардаа хөл ихтэй өнжих нь. Хойшдоо энэ асуудлыг өөр байдлаар шийдэхгүй бол хүмүүс бүтэн өдөржин дугаарлан зогсоход хүрч байгааг холбогдох хүмүүс анхаарна биз ээ.
М.СУРА