Дэлхийн шилдэг, агуу хөгжмийн зохиолч Ф.Шубертийн эх орон хөгжмийн мэдрэмжтэй агуу гүрний хүмүүсийн сонорыг монголын хөгжимчид ийнхүү сортолзуулаад ирлээ.
Дэлхийн сонгодог хөгжмүүд болох төгөлдөр хуур, хийл болон улс улсын ардын хөгжмүүдтэй анх удаа өрсөлдөн шилдгийн шилдэг болсон “Домог” хамтлагийнханд уг тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан эрхэм тэмцээний дараа тусгайлан очиж уулзан баяр хүргэн “Монголын урлагийг ерөнхийдөө мэднэ. Гэхдээ ингэж агуу, ийм хүчтэй хүрч ирнэ гэж бид нар төсөөлсөнгүй ээ” хэмээн монголын урлагийг шагшин магтжээ. Уг уралдаанд 20 гаруй орны 60-аад бүтээл өрсөлдөн ийнхүү хоёр төрөлд “Домог” хамтлаг шилдэг гэдгээ харуулан гранпри шагналын эзэд болсон аж. Мөн хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Генийн “гоцлол хөгжим”-ийн төрөлд багш, төгөлдөр хуурч Д.Баярцэцэгтэйгээ оролцон “шилдэг концертмейстр” хэмээх шагналыг хүртэн шагналын уухайг үргэжлүүлжээ.
“Домог” хамтлагийн залуустай хамт уг наадмыг зорьсон Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Биднийг очиход сургуулалт хийх боломж огт өгөөгүй. Та нар хэн бэ, ямар арга хэмжээнд юу үзүүлэх гэж байгаа юм бэ” хэмээн уралдааны зохион байгуулагчид, шүүгчдээс хатуу шаардлага тавьсан. Гэсэн хэдий ч манай тав энд уралдаанд оролцохоор бүртгэлээ хийж эхэлсэн цагаас сургуулилалтаа маш сайн базаасан байсан учраас. Монгол хүний байгалиас заяагдсан авьяас гэдгийг харуулж өгснөөр манай хүүхдүүдийн гайхамшиг оршиж байна. Надад үнэлэх том үнэлгээ олдсонгүй. Би зүгээр л уулга алдаад “гайхамшиг” гэдэг үг л амнаас гараад байсан. Ийм мэдрэхүйн, сэтгэлгээний, оюуны, хурд, чадвар, мэдрэмжийн гайхамшиг бол монголд байна аа гэдгийг би онцгойлон хэлье. Миний хүүхдүүд Олон улсын наадмаас ийм том шагнал аваад ирэхэд төр засаг үүнийг үнэлэх ёстой. Ардын хөгжим, сонгодог хөгжим хэмээн ялгаварлах шалтгаан байх ёсгүй. Яам, төр засгийн холбогдох хүмүүст энэ тухай мэдээг дуулгасан байгаа. Тэд хэрхэн хүүхдүүдийг минь үнэлэхийг хүлээж сууна. Гэхдээ энэ удаад төр засаг онцгойлон анхаарлаа хандуулан шинэ төрөлд амжилт гаргасан учраас журмыг ч гэсэн шинэчлэх ёстой гэдэгт итгэлтэй байна. “Домог” хамтлаг амжилт гаргаад ирсэн тухай ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлд уламжилсан. Одоогоор нам жим л байна. Маргааш Ерөнхий сайд Н.Алтанхуяг залуустай уулздаг “Өглөөний цай” уулзалтандаа “Домог” хамтлагийг урьж, уулзахаар болсон” хэмээн ярьсан юм.
Монголд Олон улс, тив дэлхийн хэмжээний урлагийн наадмаас гранпри хүртсэн тохиолдолд мөнгөн шагнал олгодог журам байдаг хэдий ч яг үндэсний хөгжимд энэ төрлийн шагнал урамшууллыг олгож байгаагүй юм байна.
Тэд уралдааны дараа Олон улсын фестивальд оролцох урилга хүлээн авсан бөгөөд ирэх наймдугаар сард Болгарт болох ардын урлагийн томоохон наадамд хүч үзэхээр зэхэж байгаагаа дуулгасан юм. Энэ тэмцээн нь дотроо гурван төрөлтэй. Нэгдүгээр төрөл нь дан хөгжим учраас “Домог” хамтлаг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох аж. Хоёрдугаар төрөл нь ансамбль. Энэ нь “Домог” групп гэдэг нэрэн дор явж байгаа. Уран нугараач, дөрвөн бүжигчин, уртын дуучин Энхбаатар, Болормаатайгаа хамт ансамбль болж оролцох аж. Гурав дахь төрөл нь шилдэг найруулагч шалгаруулах төрөл. Улс орон бүрээс ирж байгаа уран бүтээлчдийг ахалж яваа найруулагчидад хамааралтай гэсэн үг. Тус багийн тоглолтыг Д.Сосорбарам найруулж байгаа аж. Уг тэмцээнийг Болгар улстай хамтран ЮНЕСКО-гоос тусгайлан зохион байгуулдаг учраас энэ төрөлд шалгарсан найруулагч ЮНЕСКО-гийн нэрэмжит шагнал хүртэх юм байна. Тиймээс тус хамтлагийнхэн Австри улсаас ирсэн даруйдаа дараагийн тэмцээнийхээ бэлтгэл ажилд орчихсон гэдгээ дуулгалаа.
“Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Гени тус наадмаас “гоцлол хөгжим”-ийн төрөлд гран при хүртсэн юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Ямар бүтээлээ энэ наадамд сойн гранпри шагналын эзэн болов?
-Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуурын концерт” 2011 онд “Алтан намар” хөгжмийн наадамд гранпри шагнал авч тухайн жилдээ 20 сая төгрөгөөр улсаас шагнуулж байсан энэ том бүтээлээр өрсөлдлөө. Уг бүтээл нь бүхэлдээ 20 минут үргэлжилдэг. Харин тоглоочийн ур чадвар, техникийг харуулсан долоон минутын хэсгээс уралдаанд заасан шаардлаганд зориулан таван минутанд багтаан тоглосон байгаа.
-Хамтлагийнхаа хувьд ямар бүтээлээр оролцов?
-“Домог” хамтлаг энэ наадамд монголын брэнд аялгууг тоглоё гэж зорьсон. Энэ бол яах аргагүй “Алтайн магтаал” гээд Монгол түмний хөөмий, аялгууг харуулах гол бүтээл байсан. Үүнийг “Домог” хамтлагийнхаа найруулгаар тоглосон. Мөн алдарт морин хуурч Чи Булагийн “Түмэн агтны төвөргөөн” гэж бүтээлийг тоглосон. Уг бүтээл нь морин хуураар ийм техник, ур чадвар, хурдыг харуулж болдог юм гэсэн тийм л бүтээл учраас зориуд сонгон “Алтайн магтаал”-ынхаа араас шууд цувруулж тоглосон байгаа. “Алтайн магтаал”-ыг долоон минутанд багтаан тоглосон.
-20 гаруй улсын уран бүтээлчид хүчээ сорьсон энэ наадмын хамгийн ширүүхэн өрсөлдөгч нар нь аль улсынх байсан бол?
-Мэдээж нутгийн иргэд байсан. Австри улсын сонгодог гитарчин бол үнэхээр агуу байсан. Миний тоглосон “гоцлол хөгжим” төрөлд хоёрдугаар байрыг авсан. Мөн гуравдугаар байрт орсон Грекийн контрбасчин бас мундаг өрсөлдөгч байсан.
-Тэмцээнд оролцох зардлаа хаанаас, хэрхэн зохицуулсан бэ?
-Санхүүгийн тал дээр Д.Сосорбарам ах маань биднийг дэмжиж тусалсан. Энэ тэмцээний тухай Б.Цацрал эгч маань интернэтээс олж мэдээд намайг оролцооч гэсэн. Тэгэхээр нь би хамтлагийнхаа ахлагчтай цуг ярилцаад Со ахад хэлсэн чинь “Бололгүй яахав. Шууд бэлтгэлдээ ор. Мөнгө төгрөгөнд санаа зоволтгүй. Хэдийд бэлэн болох ёстой юм” гэсэн. Монголын тамирчид дэлхийн тавцанд нэрээ дуурсгаж байгаа энэ үед урлагийнхан маань ч гэсэн хичээж зүтгэх ёстой. Энэ тал дээр Со ах маань ихэд чармайж, амжилт гаргахын төлөө зорьсон нь биеллээ оллоо. Одоо бас Болгарт болох тэмцээний зардалд санаа зоволтгүй гээд байгаа. Их сайхан болно, амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа шүү, бид.
-Шинэцог гэсэн нэрний ард сүүлийн үед Гени гэж харагдах боллоо. Энэ ямар учиртай юм бэ?
-Хүмүүс их асуудаг л даа, яривал их урт түүх болно. Энэ бол миний бүтэн нэр. Сүүлд нь нэмсэн ч юмуу, урлагийн нэр биш. Шинэцог-Гени нэрэнд минь их олон билэгдэл агуулагдсан.