
Хэвлэлийн хурлын үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал “Сонгуулийн сурталчилгаа хууль ёсоор эхэлснээс хойш цагдаагийн байгууллага нийт 44 гомдлыг шалгаж, шийдвэрлээд байна. Одоогоор 31 мэдээлэл гомдлыг шалгаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль зөрчсөн ил далд сурталчилгаанууд ард иргэдэд хүрсээр байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.7-д зааснаар нэр дэвшигч болон намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн ухуулагч нар хууль зөрчиж, хориглосон ажиллагааг явуулж байгаа нь нотлогдож эхэлсэн. Зарим сонгуулийн штаб энэ хуулийн заалтыг эрс зөрчиж, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 55.55.4-д зааснаар саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолно гэсэн заалтыг зөрчиж , саналыг гараар тоолно гэж мэдээлсэн. Ингэснээр санал тоолох төхөөрөмжөөр саналыг тоолоогүйгээс нийтэд буруу ойлголт төрүүлж, нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудахад хүргэж магадгүй. Иймээс цагдаагийн байгууллагад эдгээр иргэдэд дахин ийм ташаа мэдээлэл хийхгүй байхыг анхааруулж, мэдэгдэл хүргүүлсэн” гэв.