
-Ой, мод гэж юу вэ. Хамгийн ойлгомжтой товч тайлбар хэлнэ үү?
Ой гэдгийг өнгөцхөн тайлбарлавал мод ургасан газрыг хэлнэ гэх байх л даа. Жаахан лавшруулаад бодох юм бол мод бут, ургамал амьтан, жигүүртэн шувуу, ус агаар, хорхой шавьж, хөрс шороо энэ бүгдийг хамтад нь нийлүүлээд ой гэж нэрлэж байгаа юм. Мод гэхээр ойг бүрдүүлэгч гол бүрэлдэхүүн хэсэг. Эхлээд мод ургаж, аажмаар ой болон бүрэлдэн тогтоно. Ингэж бүрэлдэн тогтох нь мэдээж олон арван жилийн хугацаа хэрэгтэй. Жишээ нь улиас гэхэд 20 нас хүрсэн бол нас гүйцсэн, хар мод гэхэд 80-100 жил ургаж байж нас гүйцэх жишээтэй.
-Тэгвэл өвс, ногоог та юу гэж товчоор илэрхийлэх бол?
Мод хэдэн арваас хэдэн зуун жил насалдаг, модожсон хатуу гол иштэй байдаг бол өвс, ногоо нь зундаа ургаж, өвөлдөө үндэснээс бусад нь хагдарч унадаг гол ишгүй, намхан ургадаг ургамал. Мод болон өвс, ногоо нь мал амьтны хоол тэжээл төдийгүй дэлхийн ногоон бүрхүүл шүү дээ.
-Дэлхий дээр хамгийн их ой модтой улс орон хаана байна вэ?
-Дэлхий дээр ой модоор баян, баялаг орнууд олон байдаг. Онцолж ОХУ-ыг дурдах нь зүйтэй болов уу. ЗХУ байхдаа нутаг дэвсгэрийнхээ 55% буюу 1.2 тэрбум га талбайд ойтой гэдэг байж билээ. Манай орны нутаг дэвсгэрийн11.8 хувь л ойтой.
-Ямарч модгүй хот суурин балгас гэж та дуулсан уу. Цементэн хот, шавар хот гэдэг ч юм уу?
-Ой мод бол хүний анхны орон байр, хоол, хүнс залгуулах анхны орчин байсан. Тэр цаг хэдийгээр улирч хоцорсон ч хүний амьдралыг ой модгүйгээр төсөөлөх боломжгүй. Орон байрыг хүн үүссэн хугацаатай харьцуулвал хожуу ашиглах болсон нь эргэлзээгүй. Хүн орон байртай боллоо гээд модыг орхисонгүй. Төрөлх хот, орон байрынхаа дэргэд ургуулсаар ирсэн нь санамсаргүй хэрэг бишээ. Ой мод нь хүн амьдрахад таатай тоосгүй, чийглэг, өвөлд дулаан, зунд сэрүүн, шуугиан багатай орчинг бүрдүүлдэг. Хот суурин газарт мод бут байхгүй бол “үхмэл“ байдалтай болох нь хэнд ч ойлгомжтой шүү дээ.
-Ямар, ямар мод хичнээн насалдаг вэ?
Дэлхий дээр хамгийн өндөр насалдаг мод секвея 12000 жил насалдаг гэсэн баримт байдаг. Манай оронд ургадаг хуш, нарс, гацуур, хар мод /шинэс/ зэрэг шилмүүст мод 250-400 жил насалдаг гэж үздэг. Судалгаагаар манай орны шинэсний дундаж нас 156 гэж тогтоожээ. Монгол оронд хамгийн өндөр настай хар мод Увс аймгийн Түргэн сумын нутагт 842 настай байсныг 90-ээд оны сүүлээр олж тогтоосон байна. Манай хус улиас зэрэг навчит мод 120-150, бут сөөг 20-40 орчим жил амьдардаг.
-Хот сууринд ямар мод тарих нь ашигтай вэ?
-Хот сууринд Нарс, шинэс, гацуур, хуш, арц зэрэг шилмүүст мод, бургас улиас, хус, улиангар зэрэг навчит мод, тошлог, тавилгана, нохойн хошуу, боролзгоно, монос, гүйлс, буйлс, харгана зэрэг бут сөөгийг тарих боломжтой. Гэхдээ хөрс цаг уурын онцлогийг харгалзан сонголт хийхийг мартаж болохгүй.
-Цөлжилт, ой мод хоёрын тухайд та юу хэлэх вэ?
-Чийг дутагдаж, хөрсний үржил шим хомсдож, ургамлын нөмрөг сийрэгжих явцыг цөлжилт гэдэг. Цөлжилт газар авсан нутаг орон цөл болон хувирч ургамал амьтан сөнөж амьдрал байхгүй болно. Цөлжилт нь амьдрах нөхцлийг аажмаар залгих гамшиг юм. Ой мод нь цөлжилтийг хязгаарлан тогтоож байдаг. Ой модыг хамгаалах тарьж ургуулах нь цөлжилттэй хийж байгаа тэмцэл юм. Цөлжилтийн эсрэг ургамал тарихаас өөр сайн аргыг хүн төрөлхтөн өнөө хүртэл олоогүй л байна.
-Монгол улсын аймгийн төвүүдээс хамгийн их мод цэцэрлэгтэй аймаг хаана байна вэ?
-Аймгуудын төвүүдээс миний мэдэж байгаагаар Дархан, Сүхбаатар /Сэлэнгэ/, Ховд, Улаангом хотууд арай илүү модтой болов уу. Монгол оронд хот цэцэрлэгжүүлсэн түүхийг 1920 онд нийслэл хүрээнд хуучин махны захыг цэвэрлэж мод тарьсан гэж түүхэн баримтанд бичиж үлдээсэн байдаг. Гэтэл Ховд хотын наймааны гудамжны улиасыг 1880 оны үед буулгасан зураг байдаг юм байна лээ. 1932 онд Улаангомд багшилж байсан Дондогийн Цэвэгмэд Зоригт ханы цэцэрлэгийн тухай, тэр цэцэрлэгт байсан өвгөн улиасны тухай бичиж үлдээжээ. Миний бие тэр өвгөн улиаснуудын дэргэд 1960 оны хавар сурагч ахуйдаа хичээл давтдаг байж билээ. Харамсалтай нь тэр тухай хожуу мэдсэн юм.
-Ханхөхийн нурууны модыг баруун 3 аймаг социализмтай хамжиж “хэцүү” тайрсныг та сайн мэднэ дээ.
-Тиймээ. “Ногоон хүрэм сэглэгдэж байна” гэсэн цуврал нийтлэлүүд “Үнэн” сонинд гарч байсныг сайн санаж байна. Ой мод социализмын үед үйлдвэрийн хэрэгцээнд ихээхэн ашиглагдаж хамгийн чанартай хэсгийг хайр гамгүй огтолж байлаа. Одоогийнхоор бол Ногоон хөгжлийн яам гэхэд Ой модны аж үйлдвэрийн яам гэсэн нэртэй байлаа шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд ойн түймэр, хортон шавьж модны хулгайчдад ихээхэн сүйтгэгдэж байгаа нь үнэхээр харамсалтай болоод байна. Жишээлвэл УИХ-ын гишүүний оролцож тавьсан түймэрийн уршиг одоо хүртэл дарагдсаар байна шүү дээ.
-Та ингэхэд хичнээн мод тарьсан хүн бэ. Тарьсан бүхэн чинь ургасан юм уу?
-1977 оны хавар ХААДС-ийн ойн инженерийн III курсын оюутан Төв аймгийн Түргэний голд дадлагаар очиж анх хайлаас, чацаргана зэрэг мод тарьж үзсэн.Тэр үеэс өнөөг хүртэл тасралтгүй мод тарьж явна. “Та ингэхэд хичнээн мод тарьсан хүн бэ” гэсэн асуултанд чинь сая гаруй мод “тарьсан”, “тариулсан” байх. Ингэж хариулахын учир нь 1979-1995 оны хооронд Ойн аж ахуйд инженер, Улаантолгойн Чацарганы аж ахуй, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлийн ерөнхий агрономчоор ажиллаж байлаа. Улаантолгойн Чацарганы аж ахуй, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн ерөнхий агрономчоор ажиллаж байхдаа /1983-1990 он/ 500 га-ын услалтын системд 666.0 мянган мод тарьсан нь санхүүгийн баримтанд үлджээ. 1980-83 онд 41 га талбайд дендро цэцэрлэг, 1992-94 онуудад Чандмань /Улаан уул/ уулын ар талд Улаангомын зуслангийн буурьт 26 га талбайд мод тарьж байлаа. Өөрийн талбай, хот цэцэрлэгжүүлэхэд тарьсан мод гээд сая гэсэн өндөр тооноос давсан байх гэж хэлэхийн учир энэ. Тарьсан болгон ургана гэсэн үг байхгүй, амьд юм болохоор тодорхой хэсэг нь үхэж хорогддог жамтай. Харин байх ёстой хэмжээнд байлгах ёстой юм.
-Та “дендро” цэцэрлэг гээч нэг юм 1980-аад онд эхлүүлж байсныг би сайн санаж байна. Тэр цэцэрлэг юу болж төгссөн бэ?
-1980 оны хавар би Дорнод аймгийн Халх голоос Увсын Ой аж ахуйд талбайн инженерээр ирээд удаагүй байлаа. Нэг өдөр аймгийн дарга Г.Баасанжав дуудаж манай аж ахуйн талбайн эхэнд байсан тоосгоны шавар авдаг газрыг зааж энэ газрыг мод тарьж тэгшил. Энд мод ургахыг би ч үзэхгүй биздээ гээд яваад өглөө. Дарга удирдлагадаа танилцуулж, аймгийн МХЗЭ-ийн хороотой хамтарч хашаа барьж мод тарилаа. Аймагт ургадаг бүх зүйлийн мод тарихаар төлөвлөж хаалган дээр нь “Дендро цэцэрлэг” гэсэн хаяг хадлаа. Тарьсан мод сайхан ургаж дээр, дороос ирсэн улс орж гардаг газар боллоо. 1983 онд миний бие Улаантолгойд шилжиж 90 онд буцаж ирэхэд нэг их нэмэгдээгүй ч тарьсан мод томорч өнгө ороод байж байлаа. Харин Ой аж ахуй задарч эзэнгүйдэхэд Улаангом суманд шилжүүлсэн ч хамгаалж дийлээгүй юм. Харин Баасанжав дарга маань олон жил миний тарьсан модны дэргэдүүр явсан даа. Одоо замын хоёр талаар тарьсан улиас, 400 метр орчим урт гудамж үлдэж “Модот гудамж” гэсэн нэртэй болсон байна лээ.
-Ой модгүй бол манай “бидний” Дэлхий сөнөх үү?
-Дэлхий гадны нөлөөгөөр сөнөх боломж багатай гэдгийг 2012 оны эцсээр эрдэмтэд хэлчихсэн. 80 орчим жил насалдаг хүн, 2 тэрбум гаруй жилийн настай дэлхийд санаа зовохгүй байж болно. Харин экологийн сүйрэл хүн төрлөхтний тэнэглэлийг тэвчих аргагүйд тулж байна гэдгийг хатуу санах цаг тулж ирлээ..
-СГЗ, зохиолч Чинаагийн Галсан 1 сая мод тарьж байна гэж дуулсан уу. Өөр жишээ мэдэх үү?
Би дуулсан дэмжиж баярлаж байна. Энэ бол асар их ажил гэдгийг ганц жишээ болгон хэлэхэд ойлгомжтой болох байх. Намайг Ой аж ахуйд ажиллаж байхад ойжуулагч 30-40, Улаантолгойд 40-360 цэцэрлэгжүүлэгч жилийн турш тогтмол мод тарих ажил эрхэлж байсан юм. Ингэж байж л сая гаруй гэсэн тоог хэлж байгаа юм. Тэхээр Ч.Галсангийн энэ санаачлагад бахархахаас өөр аргагүй юм.
Ан амьтныг би бурханы сүрэг гэж нэрлэсэн юм аа. Ингэж нэрлэж болох уу. Үнэн юм аа. Байгальд илүүдэл амьтан гэж нэгч үгүй. Бүгд бие биентэйгээ холбоотой. Энэ холбоог хүн таслаж байгаа нь харамсмаар байдаг. Ан, амьтан жигүүртэн шувууг ч бурхан багш харж хамгаалж байдаг байлгүй.
-Байгал орчин ногоон хөгжлийн яам байгуулагдсанд та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Нэр нь яахав солигдлоо. Энэ гадна талын нэр томьёо шүү дээ. Харин үйл ажиллагаа нь хэр өөрчлөгдөх, ямар үр дүнд хүргэх нь хамгийн амин чухал асуудал шүү дээ.
-Хар мод хэмлэх, Харгайн тан сахих гэхчлэн хараалын оронд хэрэглэдэг үгнүүд сонссон уу?
-Ийм үг байдгийг би сонсож байсан. Монголчуудын амьжиргааны гол нь мал маллаж түүний шимийг хүртэж амьдрах явдал байлаа. Мал маллах дургүй хүнийг “харгайн тан сахьмар” гэж хараадаг.
-Манай гариг дээр хичнээн төрлийн мод ургадаг бол…
-Яг барин тавин тоо хэлж чадахгүй. Харин хуучнаар ЗХУ-д 2883 зүйлийн мод ургадаг гэсэн тоо байсныг санаж байна. Манай оронд гэхэд 146 зүйлийн мод ургадаг. /Д.Энэбишийн бичсэн “Мод үржүүлэг, ойжуулалтын ажил” 2004 он/
-Би олон жилийн өмнө Ногоон уул нэртэй ”Тайрмал дууль” оноштой дууль-шүлэг бичсэн юмаа.Та сонсох уу.
-Сонсоё
-Хөхөөн дуунд ургадаг
Хөглөгөр ногоон уул байж
Амьтан бүхэн шивээлж
Арцаар амьсгалсан Хангай байж…
Тэр хангайд
Хүн-сүрэг очжээ
Тэнгэр цуучин
Хөрөө -чөтгөр чарлажээ
Арын мод дуусчээ
Амьд уул үхжээ
Цэнхэр голууд нь хатжээ
Цэгээн чулууд нь хагарчээ
Туг шиг намирсан ой
Хэрэгтэн шиг ачигдаад явжээ
Ойг цөлмөсөн нүгэлтэнгүүд
Одон зүүгээд арилжээ.
-Мод, нүүрс хоёр дууссан цагт бид юу түлж амьдарч, юугаар дулаацах вэ?
-Мод, нүүрс дууссан цагт хийн түлж халааг нь авна биз. Нарны энерги, био түлш гээд шинэ эх үүсвэрүүд ашиглах байхл даа.
-Та 10-аад жилийн өмнө “Ногоон гом” хөтөлбөр боловруулсон байсан Тэр яасан бэ?
-10 гаруй жилийн өмнө “Ногоон гом” гэсэн хөтөлбөр боловсруулах комисс гарсан. Ажлын явцад аймгийн ТГ-ын хэлтсийн дарга Ж.Доожав намайг боловсруулж дуусгахыг үүрэг болгосон юм. Хөтөлбөрийг Доожав дарга гурав дахин буцааж засвар хийлгэж, боломжийн хөтөлбөр гэсэн үнэлгээтэй батлагдсан боловч хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэргүй олон хөтөлбөрүүдийн адил хэрэгжээгүй. Одоо аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрөөс гадна ойн чиглэлээр төсөл, хөтөлбөр байгаа эсэхийг тодорхой мэдэхгүй байна.
-Улаангомд хэдэн төрлийн хичнээн мод ургаж байгаа бол /Хамгийн сүүлийн үеийн тоо баримт/
-Улаангомд хар мод, хус, бургас, улиас, шар хуйас, хайлаас, харгана, үхрийн нүд, тошлог, гүйлс, буйлс, голт бор, бөрөлзгөнө, интоор, чацаргана, тэхийн шээг, өрөл, жигд, агч зэрэг моднууд ургадаг. Тоог нь Хот цэцэрлэгжүүлэх албаныхан хэлэх байх.
-Эдгээрээс таны оруулж ирж тарьсан мод бий юү?
-Хайлаас анх үрээр анх тарьснаас хойш агч, голт бор, гүйлс, буйлс, жигд, тошлог зэрэг моднуудыг Улаангомд шинээр тарьсан.
-Эдгээрээс та өөрийн талбайдаа хэдэн төрлийн мод ургуулж байна вэ?
-Манай талбайд Хар мод, хайлаас, бургас, улиас, шар хуйас, голт бор, гүйлс, буйлс, тошлог интоор зэрэг модыг үржүүлдэг. Зарим модыг зөвхөн үр авахын тулд цөөн тоогоор үржүүлэх жишээтэй.
-Таны мод жимс их тарьж ургуулж байгаа чинь буяны ажил уу иргэний үүрэг үү, мэргэжлийн өвчин үү?
-Энэ бол миний мэргэжлийн өвчин, бурхнаас оноосон хишиг байх гэж боддог
ЭХ сурвалж: www.uvsu.mn