Хуучирсан мэдээ: 2013.06.18-нд нийтлэгдсэн

Хүлээлтийн эзэн

Цоодолын Хулан “Алтан зэгсний ангир” нэртэй шинэхэн номоо өлгийдөн авчээ. Тэрбээр “Зүгээр л нэг амьдрахсан” ном гаргаснаас хойш өөрийн уншигчдадаа бэлэг барилгүй удсан. Ямартай ч тэрбээр ийнхүү “Алтан зэгсний ангир” номоо олны хүртээл болголоо. Тэрбээр шинэхэн номон­доо сүүлд бичсэн шүлгээсээ шил­дгийг нь сонгож, түүвэрлэн оруулжээ. Д.Нацагдоржийн шаг­налт, Монголын зохиолчдын эв­лэлийн шагналт, Болор цом наадмын хошой тэргүүн шагналт, зууны шилдэг зуун найрагчийн нэг Ц.Хулан тун удахгүй дахиад ном гаргахаар төлөвлөсөн гэнэ. Гэхдээ чухам ямар ном гэдгээ нууцалж байгаа аж. Хүлээлтийн эзэн болсон Ц.Хулан “Хүүхэлдэйн театр”-ыг удирдаад багагүй хугацаа өнгөрсөн. Түүний хувьд “Лусын хааны охид” жүжгийн зохиолыг бичсэн бөгөөд театрын баяр болох “Гэгээн Муза”-гаас ганзага хоосон буцаагүй юм. Түүнийг “Алтан зэгсний ангир” номоо өлгийдөн авах үед нь яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, Д.Урианхай нарын уран бүтээлч хүрэлцэн иржээ. Яруу найрагч Ц.Хуланг Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн хол­боонд орж, нам дагасан гэж шүүмжлэх хүмүүс бий. Магадгүй улс төрд орлоо гэж бухимдсандаа уншигчид нь ингэж хэлдэг байх. Гэхдээ тэрбээр “Намайг улс төр гэдэг жижигхэн зүйл хэзээ ч бохирдуулахгүй. Би өөрөө улс төрөөс том шүү” гэдэг. Үүнийгээ ч улс төр хөөцөлдөж яваа хүн бүрийг бодоход илүүдэхгүй гэх. Яруу найргийн уран үг, мэдрэмжээрээ өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон хатагтай Ц.Хулангийн уран бүтээлийг уншихыг тэсэн ядан хүлээдэг хүмүүс байгаа. Тиймээс фенүүдээ яруу найрагч гомдоохгүйн тулд шинэ соргог бүтээлийг хүртээл болгодог билээ. Удахгүй шинэ номоо гаргана гэсэн мэдээгээ яруу найрагч Ц.Хулан хэлснээр уншигчид нь түүнийг дахин хүлээх хэрэгтэй болох нь ээ.
 

Ц.ЭНХЭЦЭЦЭГ
Эх сурвалж: www.ipost.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж