Jet Li аутизм өвчтэй хүүгийн тухай кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Jet Li аутизм өвчтэй хүүгийн тухай кино хийнэ

Хятадын жүжигчдээс Холливуудад танигдсан цөөн хэдэн жүжигчдийн нэг Jet Li нэгэн шинэ кино хийхээр ажиллаж байгаа гэнэ. Энэхүү кинонд усан санд ажилладаг нэгэн аавын тухай өгүүлэх ба тэрбээр аутизм өвчтэй хүүгээ асардаг нэгэн аж.
Тэрбээр Хонконгийн сонинд өгсөн ярилцлагадаа “Хүн бүр шилдэг кино хийхийг хүсдэг. Энэхүү киногоо хийхэд долоон сая хятад юань шаардлагатай байгаа. Энэ бүтээлийн маань хамгийн гол онцлог нь чин сэтгэлийн тухай өгүүлдэгт оршино. Үүгээрээ кино бүтээгчдэд нийгэм рүүгээ хандсан бүтээл хийх цаг иржээ гэдгийг хэлэхийг хүссэн. Мөн гэр бүлийн харилцаа тэр дундаа эцэг, эх хүүхдийн хоорондын харилцаа ямар чухал болохыг онцлохыг хичээж байна. Орчин үед нийгмийн асар хурдацтай хөгжилтэй хөл нийлэхийн тулд гэр бүл үр хүүхэддээ санаа тавих, харилцан ярилцах цаг хомс болсон. Үүнийгээ дагаад эх үрийн холбоо, мах цус, оюун ухаанаараа холбогддог нандин харилцаа үгүй болж байна. Үүнийг хүмүүст сануулахыг хүсч байна” хэмээн ярьжээ.
Тэрбээр Хятадын мөн Холливуудын нилээд олон кинонд тоглосон. “The Forbidden Kingdom” буюу “Хориотой хот” бүтээл нь кино  сонирхогчдын анхаарлыг яах аргагүй татаж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байсан. Энэхүү кинонд тэрбээр азийн тулаант киноны алдарт од Jackie Chan-тай хамтарсан ба энэ нь тэдний хамтран бүтээсэн анхны кино юм.  Мөн  “The Mummy: Tomb of the Dragon Emperor” кино нь түүний нэр алдрыг улам бататгасан кино болсон билээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж