Харин хэрэгт холбогдогч О.Эрдэнэсолонго болоод Ё.Отгонбаяр сайд 300 сая төгрөгийг доллар хэмээн андуурсан гэсэн мэдэгдэл хийж, ийм их мөнгө амьдралдаа барьж үзээгүй гэжээ. Чухамдаа бол 300 гаруй сая ам.доллар бас 13.9 тэрбум төгрөг гэдэг маш их, толгой эргэм том мөнгө. Манайд үйл ажиллагаа явуулдаг арилжааны хоёроос, гурван банкны валютын нөөц болохуйц долларыг ганц хүний дансанд төвлөрүүлнэ, дамжуулна гэдэг байж боломгүй мэт асуудал юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг барьж хорьсон ч мэдээж энэ нь сайд асантай холбоотойгоор эхэлсэн байж таарна. Үүнийг ч өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд хандсан Улсын мөрдөн байцаах газрынхан мэдэгдлээ. Гэхдээ тэдний ярьсан шиг Налайх дүүрэгт барилга барьсан иргэнээс 280 сая төгрөг нэхэж, бусдыг дээрэмдсэн гэх хэргээр бус нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт байрлах Богдын музейн эзэмшил газраас АПУ-гийн охин компаниудад хууль бусаар шилжүүлсэн байж болох хэргийн үзүүр түүний эхнэрийн нууц дансан дахь мөнгийг илрүүлэх учиг нь болж өгчээ.
Үйл явдал нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй юм. Сар хүрэхгүй хугацааны өмнө манай сонинд Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан ярилцлага өгөхдөө “Одоо ч газрын асуудал явж байгаа. Олон асуудал бий. 2001 онд Засгийн газар хэд хэдэн газар хамгаалалтын бүс тогтоосон. “Ван трейд” компани хамгаалалтын бүс тогтоохоос өмнө хоёр байшин барьчихсан байдаг. Хамгаалалтын бүсийг хамгаалахгүй байгаад бид асуудал тавьдаг. Өнгөрсөн намар Ц.Оюунгэрэл сайд ирж танилцаад холбогдох газарт албан бичиг явуулсан. Нэг сонирхолтой зүйл бол “Ван трейд” компани 1.6 га газарт тохижуулалт хийнэ гэчихээд түүнээсээ хэсэгчлэн “Интернэшнл медика сентер” компанид шилжүүлсэн байдаг. Энэ мэтээр газраа гуравдагч, дөрөвдөгч этгээдэд шилжүүлэх байдал анзаарагдаж байгаа юм. “Номун гэрэл” төв гэхэд л газраа томсгоод хамгаалалтын бүсийн газраас авчихсан. Энэ асуудлыг салбарын яамнаас хөөцөлдөнө гэсэн. Цаашид барилга байшин барих бус ногоон зүлэгжүүлэлт хийгдэх төлөв хотын ерөнхий төлөвлөгөөнд орсон байгаа” гэж ярьсан. Түүний хэлсэнчлэн Богдын музейн ойр орчмын нийтийн эзэмшлийн газар руу “Ван трейд”, “Грийн эйр гарден”, “Интернэйшнл медикал сентер” зэрэг компаниуд нийслэлээс, БСШУ-ы сайдаас зөвшөөрөлтэй гэх үндэслэлээр халдсан байдаг юм билээ. Хэдийгээр өөр, өөр нэртэй олон компани мэт боловч эдгээр нь бүгд зүсээ хувилгасан л болохоос АПУ компаниас салбарласан “охин”-ууд нь гэдгийг УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно.
Үндсэндээ АПУ компанийнхан Хан-Уул дүүрэгт маш олон газрыг хууль бусаар авсан байдаг аж. Тэд тэнэг биш болохоор өөр, өөр охин компанийнхаа нэрээр энэ ажлаа гүйцэлдүүлдэг гэдгийг дээр дурьдсан. “Ван трейд” бол Богдын музейн ойр орчмын нийтийн эзэмшлийн 5.6 га газрын 1.6-г нь эзэмшиж тэндээ пивоны үйлдвэр барин ашиглалтад оруулж, бас зуны цагт Богдын музейн баруунтаа мянга орчим хүнийг нэг дор цуглуулах боломж бүхий томоохон задгай уушийн газрыг ажиллуулж дөнгөсөн юм. Сүүлд авсан мэдээллээр “Интернэйшнл медикал сентер” гэдэг компанийн нэрээр авсан 1322 метр квадрат газрынхаа ойролцоо өөрсдийн мэдлийн эмнэлэг барихаар хөөцөлдөж байгаа гэнэ лээ. Харин “Грийн эйр гарден” гэх нэрээр соёлын өвийн хамгаалалтын газарт зочид буудал барихаар ажлаа эхэлсэн ч музейнхний эсэргүүцэлтэй тулаад чадаагүй ажээ. Уншигчиддаа ойлгомжтой болгоход тэд Богдын музейн хашаан доторх газар руу огт халдаагүй, харин нийслэл эзэмшилдээ авсан ойр орчмынх нь олон нийтийн эзэмшлийн талбайг хүч түрэмгийлэн авч байгаа юм. Ингэснээр түүхийн дурсгалт газар өндөр барилгаар хавчигдан бүслэгдэж, улмаар устах аюулд ирээд буй ажээ. Мэдээж тэднийг ингэж дураараа дургих боломжийг нь олгосон эрх мэдэлтэн цаана нь бий. Энэ эрх мэдэлтнүүдийн нэг нь Ё.Отгонбаяр байсан учраас түүний эхнэр олон сая долларын хэрэгт холбоотой гэж үзэх сэжүүр болсон байж магадгүй ажээ.
Өөрөөр хэлбэл, Ё.Отгонбаяр Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд байхдаа Богдын музейн эзэмшил дэх ойр орчмын газар нь түүх, соёлын дурсгалт газраас тусдаа гэсэн агуулгатай албан бичиг хийж өгсөн байж болох талтай юм. Ингэж үзэх үндэслэл нь тэрээр 2012 оны тавдугаар сарын 03-ны өдрийн 1а/2642 дугаартай албан бичгээрээ “Грийн эйр гарден”-д газар олгосон шийдвэрийг цуцлаж өгөхийг Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт хандан илгээж, үүнийх нь дагуу газар эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгож байжээ. Хачирхалтай нь архиваас газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох албан бичиг олдож байгаа ч зөвшөөрөл олгосон нь олдохгүй байгаа юм. Мөн Богдын музейн захиргааныхан одоогоос жил орчмын өмнө сайд Ё.Отгонбаярыг АПУ-гийн охин компани болох “Ван трейд”-ээс авилга авч, газрын зөвшөөрөл олгоход нь тусласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт өгсөн байдаг юм. Түүнийх нь хариуг тус газрынхан өгөхгүй байсаар одоо л шалгах ажлаа эхэлж байгаа нь энэ бололтой. Музейн ажилчид Ё.Отгонбаяртай хамт тухайн үед Нийслэлийн Засаг дарга байсан, газрын зөвшөөрөл олгосон Г.Мөнхбаяр энэ хэргүүдэд холбоотой гэж үздэг юм билээ. Харин АПУ-гаас авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Ё.Отгонбаярыг шалгах явцад түүний эхнэрийнх нь дансуудад их хэмжээний мөнгө эргэлдсэн нь илэрч, хэргийн учиг цаашид тайлагдах дөхсөн байж болох юм.
Хэрэг явдал цаашид ийнхүү гүнзгийрвэл АПУ компанийн удирдлагууд ч бусдад их хэмжээний авлига өгсөн гэх хэргээр Авлигатай тэмцэх газарт байцаагдаж мэднэ гэдгийг эх сурвалж дуулгалаа. УИХ-ын гишүүний эхнэрийн дансанд хаа нэгтэйгээс орж, хаа нэгтээ гарсан их хэмжээний мөнгөний учиг нь АПУ-гаас тайлагдаж мэдэх нь. Согтууруулах ундааны хуулийг байнга зөрчиж, Хан-Уулд хаанчлалаа тогтоогоод буй АПУ компанийн удирдлагуудтай холбоотой байж мэдэх хамгийн оновчтой гаргалгааг хуулийнхан ямар боловч гаргачихсан суугаа бололтой. Манай сурвалжлагчийн “АПУ компани газар авчихаад байгаа юм биш үү, танай хамгаалалтын бүсэд” хэмээх асуултад “Бичиг баримт дээр АПУ гэсэн нэр байдаггүй. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тэгж ярьж, бичээд байдаг юм. Үндэслэлтэй болоод бичдэг байх” хэмээн хариулж байсан юм.