
-Дөрвөн радарыг ямар хөрөнгөөр, ямар үнэ өртгөөр авсан бэ. Хүлээлгэн өгсөн аймгуудаа ямар үзүүлэлтээр сонгосон бол?
-УИХ-аар 2010 оны улсын нэгдсэн төсвийг хэлэлцэх үеэр тус бүр нь 520 сая төгрөгийн өртөгтэй явуулын дөрвөн радар авах хөрөнгө тусгаж өгсөн юм. Ингэснээр үүлэнд нөлөөлж хур бороо оруулж ган гачиг тохиохоос сэргийлэх боломжтой болох юм. Радаруудыг Хэнтий, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай аймгийн Засаг даргад хүлээлгэж өглөө. Энэ нь учиртай. Хэнтий бол уулархаг бүсийн аймаг. Сэлэнгэ газар тариалангийн бүс, Завхан хангай, говь хосолсон аймаг, Өвөрхангай тал хээрийн нутаг. Ингэснээр радар аль бүс нутагт яаж ажиллах вэ гэдгийг сорьж үзэх боломжтой юм. Энэ амжилттай болбол бусад аймгуудад мөн авч хэрэглэх боломжтой. Хэр нутагших нь вэ гэдгийг энэ зун үзнэ дээ. Өвөрхангай 2008 онд суурин радартай болсон. Үр дүнгээ сайн өгч байгаа.
-Явуулын радар суурингаасаа ямар ялгаатай вэ?
-Өмнөхөөсөө боловсронгуй төхөөрөмж юм. Технологийн дагуу судалгаа шинжилгээ хийж хурын үүл хаана явна, аль цэг дээр бороо оруулах вэ гэдгийг ажиглалтын үндсэн дээр хийнэ. Дуртай газраа сэлгэж нүүнэ. Ингэснээр малчид, тариаланчид байгаль, цаг уурын эрхшээлээс гарч, газар тариалан, мал аж ахуйг эрсдлээс гаргах боломж бүрдэнэ. Ямар боловч хур бороотой сайхан өдөр радараа гардууллаа. Гэхдээ энэ зун цаг агаар ямар болохыг таах аргагүй. Ган гачиг тохиолоо гэхэд ямар ч гэсэн энэ дөрвөн аймгийн малчид, тариаланчид айхааргүй боллоо.
-Техникийг ашиглах боловсон хүчин бэлэн үү?
-Бэлэн. Цаг уурын инженерүүд ажиллана. Богино хугацааны сургалт зохион байгуулна.
Д.ОЮУН