Финландын төлөөлөгчид осолд оржээ

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

Финландын төлөөлөгчид осолд оржээ

Зургаадугаар сарын 11-ний өдөр Геологийн төв лабораторийнхон дотооддоо ашигт малтмалын баяжуулалт хийх боломжтой болсноо зарлаж, Финланд-Монголын хамтарсан төслийн талаар танилцуулга хийсэн билээ. Энэ үеэр Монгол, Финланд хоёр орны эрдэс баялгийн салбарт хэрхэн хамтран ажиллаж байгаа ололт амжилтын талаар ярилцаж, Финландаас төслийн удирдлага хийгээд олон зочид төлөөлөгчид ирсэн юм.

Финландын төлөөлөгчид өнөөдөр нутаг буцах байсан ч найр наадамд дуртай, аливааг хавтгайруулж байдаг манайхан л болсон хойно өнгөрөгч бямба гаригт гадныханд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нурууг үзүүлэхээр салхинд гарцгааж. Харин ирж явах замдаа томоохон авто замын осол хийж, Замын цагдаагийн газар, Онцгой байдлынхан зэргийг дуудаж багагүй манаргажээ. Ингэснээр Финландын нэг иргэн газар дээрээ амь насаа алдаж, бусад гадны зочдын биеийн байдал маш муу, нууцлалын өндөр зэрэгтэйгээр Нийслэлд авчран одоогоор “Сос медика” олон улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Машин барьж явсан жолоочийн хувьд ГССЗКҮТ-д мөн л эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Явсан хүмүүсийн дотор Геологийн төв лабораторийн бүхий л удирдлагууд, Финландын Геологийн албаны ерөнхий захирал гээд олон томоохон албан тушаалын хүмүүс багтжээ. Финландаас тусгай үүргийн онгоц ирж, иргэнийхээ цогцсыг авах болсноо одоогоор мэдэгдээд байгаа юм байна.

Нэмж хэлэхэд 2009-2011 оны хооронд Геологийн төв лабораторид Финландын ГХЯ-ны санхүүжилттэйгээр хоёр удаа нийт нэг сая еврогийн өртөг бүхий төсөл хэрэгжсэн аж. Энэ хүрээнд манай Геологийн төв лабораторийн туршилтын лабораторийг шинэчлэн тоноглож, хүдэр баяжуулалтын дэлхийн шилдэг технологийг нэвтрүүлж, лабораторийн инженер, техникийн ажилчдыг сургасан юм.

Нас барсан финланд иргэний эхнэр нь осол гарах үеэр хэргийн газар дээр байсан гэдэг мэдээллийг хамгийн сүүлд авлаа.

Эх сурвалж: www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж