Дуурь, бүжгийн эрдмийн театрын ээлжит зочин тун удахгүй ирэх нь ээ. Монгол-Австрийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Австри улсын Элчин сайдын яам болон Дуурь, бүжгийн эрдмийн театр хамтран энэ сарын 20-27-нд хоёр орны соёлын өдрүүд зохион байгуулах гэж байгаа юм. Соёлын арга хэмжээний хүрээнд Австри улсаас удирдаач Жожи Хаттори, хормейстер, удирдаач Жералд Верт, дуурийн найруулагч Венийн хгөжмийн их сургуулийн багш Беверли Блэнкеншип, арфа хөгжимчин багш Тина Зердин, виолончиль хөгжимчин, багш Ута Корфф нар Монголд ирж, туршлага солилцох юм. Мөн тэд УДБЭТ-д тоглох Ж.Пуччинийн “Тоска” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балетад хамтран ажиллах юм байна. Уг соёлын арга хэмжээг ССАЖЯ, УДБЭТ хамтран зохион байгуулж байгаа ба Бээжин дэх Австрийн Элчин сайдын яам, Австрийн Боловсрол, соёл урлагийн яам, Австрийн соёлын форум дэмжин ажиллаж байгаа аж. Хоёр орны хамтарсан уран бүтээлчдийн тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал маргааш 12.00 цагт УДБЭТ-ын хоёрдугаар давхрын фойенд болох юм байна.
Г.ДАША