“Бүрэн эрхт төлөөлөгч”-ийн номын мялаалга

Хуучирсан мэдээ: 2013.06.17-нд нийтлэгдсэн

“Бүрэн эрхт төлөөлөгч”-ийн номын мялаалга

Нар хур тэгширсэн зуны сайхан өглөө арав орчим хүний бүрэлдэхүүнтэй аяллын багийнхан Замын-Үүдэд хур дагуулж очив. Үүнд ч орон нутгийнхан нь ихэд олзуурхаж аяллын багийнхан ч хувьтай хүн хур борооноор хэмээн хэрэндээ л додигор байв. Хур дагуулсан энэхүү аяллын багийг Замын-Үүд дэх Засгийн газрын бүрэн эрхт анхны төлөөлөгч асан, зөвлөх, академич, хүндэт доктор, хурандаа гээд тоймгүй олон алдрыг нэрийнхээ өмнө зүүсэн Ч.Баатар хурандаа удирдан чиглүүлж явсан юм. Эдгээр олон алдрын дундаас тэрээр хурандаа гэх цолдоо хүндэтгэлтэй, элгэмсэг ханддаг учраас үүгээр нь цоллохыг хүслээ. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэх албан тушаал урьд хожид манайд улсад байгаагүй. Харин ийм нэр хүндтэй эрхэм албыг Засгийн газраас 2008 онд бий болгож, анхны бүрэн эрхт төлөөлөгчөөр Чойжавын Баатар гэх эрхмийг томилсон юм. Тэрээр ч хийсэн бүтээсэн зүйлтэй, хэлж ярих үгтэйгээр нүүр бардам энэ албыг хашжээ. Үүнийг батлах мэт Замын-Үүдийнхэн аяллын багийнхныг найр тавин угтаж авсан юм. Аяллын багт маань хийсэн ажилтай, хэлэх үгтэй хурандаа нар болоод төрийн албаныхан багтсан. Энэ удаагийн аялал их онцгой. Бид ажил, албаар Замын-Үүдийг зорьсонгүй. Зөвхөн эрхэм андынхаа номын баярт уригдсан нь тэр. Хүмүүний хорвоод хүн ном туурвих, мод тарих, үр удмаа үлдээхийг том буян гэдэг. Энэ буянтай албаны баярт зорьж очсон тэр. Яагаад гэвэл тэрээр Батлан хамгаалах салбар, дипломат алба, хууль сахиулах байгууллагад тасралтгүй 40 шахам жил ажиллахдаа Хууль зүй дотоод хэргийн сайдын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж, энэ хугацаандаа эрдэм шинжилгээ, судалгааны арав гаруй ном туурвиж, мөн тооны ном, сурах бичиг, гарын авлагийг ариутган шүүжээ. Энэ удаад тэрээр хэвлэлээс дөнгөж гарсан “будаг” нь ханхалсан “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч” гэх шинэхэн номынхоо дээжийг Замын-Үүдчүүдэд дээжлэн авчрав.

Хэнд ч гэсэн яагаад заавал Замын-Үүд гэж гэсэн асуулт төрмөөр байгаа биз. Харин тэнд очсон хүнд үнэхээр л аргагүй юм гэх бодол төрнө. Учир нь, Ч.Баатар хурандаа энэ орон нутагт анхны гэх олон зүйлийн шанг татжээ. Энэ талаар Замын-Үүдийн иргэд ч ам уралдан ярьж байсан юм. Ямартай ч “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч” номын хуримын ёслол Замын-Үүдэд болж, нутгийн ард иргэд ч олноороо цугларсан. Тэд ч сэтгэлийн үгээ харамгүй хуваалцаж, дөрвөн жил ажилласан болоо гээд нүүр буруулаад явчихалгүй дурсамж дүүрэн сайхан ном бүтээж, үүнийнхээ баярыг бидэнтэй хуваалцах гэж ирсэнд талархаж байгаагаа хэлж, ерөөл, урмын сайхан үгс хайрлаж байлаа. Ч.Баатар ч дөрвөн жил хамтдаа ажилласан хамт олон, найз нөхөд, газар усныхаа талаар номондоо харамгүй дурссан байлаа. Номын баярт цугларсан олон ч миний тухай бичсэн байна хэмээн баярлаж, зураг хөргөө хараад хөөрч харагдсан.

Төмөр замчид, Бүрэн эрхт төлөөлөгчийн газрынх нь хамт олон, хил, гааль, цагдаагийн байгууллагын төлөөлөл, ахмадын төлөөлөл гээд баяр хүргэх гэж ирсэн хүн олон байлаа. Энэ үеэр Ч.Баатартай ярилцлаа.


-“Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч” гэсэн сайхан түүх өгүүлсэн номыг гаргасан байна. Сэтгэлээ хуваалцаач?

-“Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж М.Горький хэлсэн байдаг. Энэ бол гайхалтай сайхан үг юм. Хүн номноос өөрийгөө таньж мэддэг, номноос гэгээрдэг, олон зүйлийг мэдэж авдаг гайхалтай зүйл. Миний хувьд “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч” номдоо энд ажилласан хугацааныхаа бодит үнэнийг хойч үедээ үлдээхийг зорьсон юм. Тэдэнд сургамж болоосой,, шинийг сэдэж, хийж байгаа хойч залуус маань санаа аваасай гэсэндээ энэхүү номыг бичихээр зориглосон. Энд минь ташуур болгож Замын-Үүдчүүд, хамтран ажилладаг Эрээний нөхөд маань ч хүсэлт гаргасан. Гэхдээ энэ номонд хэн нэгнийг магтаж эсвэл муулахыг зориогүй. Ерөөсөө л байгааг байгаа чигээр нь тусгаснаараа онцлогтой. Цэвэр дурсамж хэлбэрээр бичсэн. Тиймдээ ч олон түмний сэтгэлд хүрэх болов уу гэж найдаж байна. Яагаад вэ гэхээр хүн болоод өнгөрснийг мартчихдаг. Тухайн үед Замын-Үүдэд болж байсан ээдрээтэй олон асуудал, их бүтээн байгуулалтыг энд тусгасан. Үүнийг дараагийн үеийн залуучууд мэдэж, бодит үнэнийг ойлгоосой гэсэндээ энэ номыг гаргасан юм.

-Та Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах дөрвөн жилийн хугацаанд маш олон зүйлийг санаачилсан, олон улсын гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурсан гээд олон тал дээр хамтран ажилласан. Тэр үүднээсээ Замын-Үүдэд ажиллаж байсан үеэ дурсахгүй юү?

-Бүтээн байгуулалтад санаачилгаараа хийсэн олон зүйл байгаа. Дээрээс буюу Засгийн газраас үүнийг заавал хий гээгүй. Миний ажил үүргийн хуваарь бол хил боомтын ажиллагааг хэвийн байлгахад гол анхаарлаа хандуулах байсан. Гэсэн ч би Замын-Үүдэд төмөр замд гэхэд л 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, төмөр замаар яваа галт тэргийг явц дунд нь шалгалт хийх рентгэн төхөөрөмжийг байрлуулсан. Энэ нь улс орны хөгжилд тус дэм болсон байх гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, боомтод байдал ямар байсныг тэр үеийн хүмүүс мэднэ. Одоо бол үлгэр оньсого шиг л бодож байгаа байх. Хүндрэлтэй асуудлыг цаг тухайд нь шийдэж, 1700 ачааны машин бөөгнөрчихөөд хоёр хилийн боомт руу орж гарахгүй гацчихаад байхад нь би гурван хоногийн дотор Хятад-Монголын хэлэлцээр хийгээд гаргаж байсан. УАЗ 469 автомашиныг 2009 онд нэгийг ч хилээр гаргахгүй гэж Засгийн газраас надад үүрэг өгсөн. Би газар дээр нь байдалтай  танилцсанаар яван явтлаа буюу дөрвөн жилд 469 автомашиныг хилээр гаргасан. Жолооч нар мэдэж байгаа. Засгийн газрын өгсөн үүргийн дагуу зогсоосон бол өнөөдрийг хүртэл нэг ч машин явахгүй байх байсан. Аргагүй ард түмний амьдрал учраас явуулахаас өөр арга байгаагүй.

-Хүнсний аюулгүй байдлын тухай асуудал хурцаар яригдаж байхад та мөн шуурхай шийдвэр гаргаж, энэ асуудлыг зохицуулж байсан санагдана?

-Хүнсний ногоог зөөвөрлэх, тээвэрлэх ажил Монголын хил дээр саатаад 7-8 хонодог. Улмаар Улаанбаатар руу вагоноор 10 гаруй хонож очдог. Очсон хойноо үнэ нь нэмэгддэг, мууддаг. Энэ асуудлыг би Замын-Үүдэд ирэнгүүтээ шийдвэр гаргаж, 24 цагийн дотор хилээр гаргаж ачуулдаг журамд шилжүүлсэн гээд яриад байвал олон зүйл байна.

-Танд амжилт хүсье. Номын цагаан буян таныг ивээж байх болтугай.

-Баярлалаа.

Ийн халуун дулаан уур амьсгалд болж өнгөрсөн номын баяр өндөрлөсөн ч үүгээр дуусаагүй. Бид цааш БНХАУ-ын Эрээн хотыг зорьсон юм. Яагаад гэвэл Ч.Баатар ажиллах дөрвөн жилийнхээ хугацаанд Эрээн-Замын-Үүдийг холбох гүүр болж, олон ч хүнийг холбож, ажил, амьдралын найзууд болгожээ. Өөрөө ч бүрэн эрхийнхээ хүрээнд Эрээний, цаашлаад БНХАУ-ын Засгийн газарт олон асуудлыг тавьж нааштайгаар шийдвэрлүүлж ирсэн байдаг. Энэ тухайгаа ч номондоо дэлгэрэнгүй өгүүлжээ. Бүрэн эрхт төлөөлөгч Ч.Баатар ажил, албаны шугмаар Эрээний албаныхантай байнга харилцан тэдэнтэй хэдийнэ нөхөрлөснөө номынхоо нэгээхэн хэсэг бүлэгт өгүүлжээ. Тиймдээ ч хэл амаа ололцож, хамтран ажилласанд нь талархаж сэтгэлийн үгээ үлдээсэн номынхоо дээжийг Эрээний нөхдөдөө хүргэхээр тийш хөлгийн жолоо залсан нь тэр. Эрээн хот сайхан хөгжжээ. Өндөр өндөр барилгууд сүндэрлэж, өнгө зассан байлаа. Эрээнд цаг агаар таагүй байсан ч биднийг хүлээн авсан найз нөхдийнх нь, түншийнх нь сэтгэл халуун дулаан байсан юм. Хаа байсан Хөх хотоос шөнөжингөө давхин ирсэн нь ч байсан юм. Эрээн-Замын-Үүдийн хөгжил, хамтын ажиллагаа, гэрээ хэлцэл гээд түүхэн үйл явцыг бичиж үлдээсэн нь ховор байсан. Харин Ч.Баатар хурандаа номондоо энэ бүхнийг дэлгэрэнгүй өгүүлж, найз нөхөд, ажил хэргийн түншүүддээ талархлын үгээ харамгүй хайрлажээ. Ч.Баатар хурандаа “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч” номныхоо нэгдүгээр бүлгийг Хууль зүй, дотоод хэргийн (хуучнаар) яамныхаа хамт олонд зориулжээ. Тэрээр энэ салбарынхаа сайхан хамт олонтой өнгөрүүлсэн дөрвөн жилээ мартахын аргагүй хэмээн тодотгосон байх юм.

Харин номынхоо дараа дараагийн бүлгийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон ажилласнаа, Эрээн хотын удирдлагуудтай хэрхэн хэл амаа ололцож монголчуудынхаа төлөө юу хийсэн зэргээ дурсамж номдоо өгүүлсэн бол сүүлийн бүлэгиээ ажил, албаны холбоотой хамтран зүтгэгчид болоод “муусайн найз” нартаа зориулан дурдатгалаа бичжээ. Бидний аяллын хугацаанд Б.Баатар хурандаа найз нөхөддөө нэр хүндтэй, тэднээрээ хүрээлүүлсэн нэгэн болох нь мэдрэгдсэн юм. Тиймдээ ч тэрээр миний муусайн найзууд хэмээн элгэмсчээ. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Тэгвэл Ч.Баатар хурандаа энэхүү номоо түүхэн зургаар тодотгож, үйл явдлыг баримттайгаар харуулж чаджээ. Ийнхүү илүүг нуршихаа зогсоож, “Засгийн гарын бүрэн эрхт төлөөлөгч” дурсамжит номыг танд үлдээе. Энэ номноос та дээр товчхон өгүүлсэн үйл явдлыг дүрслэлтэйгээр, дэлгэрэнгүйгээр нь уншиж, оюун ухаандаа болгооно гэдэгт найдаж байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. 

У.МИЧИД
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж