Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй 50 МВт-ын хүчин чадалтай Салхитын салхин цахилгаан станцын эхний ээлжийн гүйцэтгэлийг өнөөдөр Эрчим хүчний яаманд Улсын комисс хүлээн авлаа. Ингэхдээ тус салхин цахилгаан станцын 110/35 кВ-ын дэд өртөө, 110 кВ-ын ил хуваарилах байгууламж, 35 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга, 15 ширхэг салхин турбин генератор, 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад хүлээн авсан байна. Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу шинэчлэн байгуулагдсан Улсын комисс нь захиалагч байгууллага “Клин Энержи” ХХК-ийн хүсэлтийн дагуу Салхитын салхин цахилгаан станцын барилгын ажлын чанар, холбогдох акт, баримтуудтай нь танилцаад Барилгын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн комиссын гишүүдийн 100 хувийн саналаар Цахилгаан станцын зориулалтаар улсын комиссоор хүлээж авах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
Харин хоёрдугаар ээлжийн салхин цахилгаан станцын барилга байгууламжийг ажиллагаанд оруулахтай холбогдуулан Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ХК, Диспетчерийн Үндэсний төв ХК-тай тохиролцсоны дагуу нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллуулах туршилт, тохируулга хийхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан тухай албаныхан мэдээллээ. “Ньюком” группийн охин компани “Клин Энержи” компанийн барьж буй уг салхин цахилгаан станц зургадугаар сарын 20-нд албан ёсоор нээлтээ хийх юм байна.
У.БОЛОР