Жил бүрийн зургадугаар сарын 23-нд дэлхий нийтээрээ олон улсын олимпийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл манай улсад энэ өдрийг угтсан арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр “Янзага” зусланд боллоо. Энэ удаагийн арга хэмжээнд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Мөн Лондонгийн олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Ням-Очир олимпийн бамбарыг буухиалж, зуны спортын наадмын медальт тамирчныхаа энгэрийн тэмдгийг гардаж авлаа. Энэ жилийн олимпийн өдрийг угтсан арга хэмжээ нь волейболын олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваагийн нэрэмжит мини волейболын 18 удаагийн тэмцээнтэй давхацсан гэдгээрээ онцлог байлаа. Мини волейболын тэмцээнд 35 байгууллагын 600 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөж байгаа юм. Долоо хоног үргэлжлэх уг тэмцээнийг анх 1996 оноос зохион байгуулсан билээ. Энэ үеэр Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх хэлэхдээ “Ж.Хаянхярваа гуай бол уг тэмцээнийг санаачлагч юм. Бас манай улсаас ганцаараа гурван дэлхийн аваргад дараалан оролцсон цорын ганц тамирчин” гэлээ.
Т.МАША