Найрсаг залуусын “Цагаан тагтаа” бүлгэм цусаа хандивлаж, эрдэнэт хүний амь аврах эрхэм үйлсэд нэгдэхийг уриаллаа. Залуус “Цусаа бэлэглэж, баатар болцгооё!” уриан дор хотын төв гудамжаар алхан, “Та ганцхан удаа цусаа өгөхөд, гурван хүний амь аварч чадна. Хүний амь авран, баатар болцгооё” гэж хэлж байлаа. Найрсаг залуустай тааралдсан хүмүүс ч хүсэлтийг нь дэмжин хүлээн авч, шаардлагатай цагт хэн нэгэнд туслахад хэзээд бэлэн гэдгээ гарын үсгээрээ батлан илэрхийлсэн юм.
Найрсаг залуусын “Цагаан тагтаа” бүлгэм хүүхэд бүр хүчирхийлэл, дарамтаас ангид, гэр бүлдээ амар тайван амьдрах эрхтэйг сануулж, “Инээмсэглэлийг нь хайрлая” аянаа “М Си Эс Кока Кола” ХХК-ийн ивээн тэтгэлэгтэйгээр Олон Улсын Хүүхдийн баяраар зохион байгуулсан. Дараа нь “Тамхигүй Монгол” аянаа программ хангамжийн салбартаа тэргүүлэгч “Содонсолушн” ХХК-ийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн. Аяны хүрээнд татаж амжаагүй тамхинуудыг модтой чихрээр сольж, устгасан юм. Харин энэ удаа цусаа хандивлаж, донор болох нь баатарлаг үйлсийн нэг хэлбэр гэдгийг залууст санууллаа. Найрсаг залуусын хөдөлгөөнийг энэ удаа “Мэдрэмж фильм” студи ивээн тэтгэжээ.
Нийгмийг сайн сайханд уриалсан “Найрсаг амьдаръя” төсөл энэ он дуустал хэрэгжинэ. 7 хоног бүрийн Бямба гарагт найрсаг амьдралын эхлэл чухам юу болохыг залуус олон нийтэд мэдрүүлэх юм.