
Золбин нохой, муур устгалын зардлыг шинэчлэн тогтоох тухай асуудлыг Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан танилцууллаа. Хот тохижилтын газар нь золбин нохой, муур устгах 11 гэрээт анчинтай бөгөөд нийслэлийн 6 дүүрэгт золбин нохой устгалын ажлыг хийж гүйцэтгэдэг байна. Нэг анчин өдөрт дунджаар 25 нохой устгаж, нийтдээ 195 мянган төгрөгийн зардал гаргадаг байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны тогтоолоор нэг золбин нохой, муур устгалын зардлыг 5000 төгрөгөөр тогтоосон байдаг ч одоо энэ зардал нь үйл ажиллагаандаа хүрэлцэхгүй байна гэж тэрээр хэлсэн юм. Тухайлбал, гэрээт ажилчдын цалин, тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн, сумны үнэ өссөн зэргээс шалтгаалан нохой устгах үнийг шинэчлэн тогтоож, 7500 төгрөг болгох шаардлагатай гэлээ. НИТХ-аар хэлэлцэн баталсан нийслэлийн 2013 оны төсөвт золбин нохой, муур устгалын ажилд нийтдээ 470 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Одоогоор 160 сая орчим төгрөгийг золбин нохой устгалын зардалд зарцуулжээ. НИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд нэг золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгох нь үндэслэлтэй гэж үзэн, тогтоол гаргалаа.
Нийслэлийн цагдаагийн газрын нэр бүхий 3 барилгыг актлав
Нийслэлийн цагдаагийн газрын СХД-ийн 9-р хороо Баянхошууны эцэст байрлах Цагдаагийн хэлтсийн байр, ХУД-ын 6-р хороо Яармагт байрлах цагдаагийн тасгийн байр, ЧД-ийн 13-р хороо Хайлаастад байрлах цагдаагийн тасгийн байруудыг актлан нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг нийслэлийн өмчийн харилцааны газрын дэд дарга М.Батдорж танилцуулллаа.
Эдгээр барилгуудыг актлаж, буулгах тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд барилгын хана болон шал нь мөөгөнцөртсөн, зарим хананд цууралт үүсч, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болсон байна. Тиймээс эдгээр барилгуудыг актлан, нийслэлийн хөрөнгийн бүртгэлээс хасч, шинээр барилга барих шаардлагатай гэж үзжээ. Тус хэлтсүүдийн шинэ барилгыг барих төсвийг нийслэлийн 2013 оны төсөвт суулгаж, НИТХ-аар батлуулсан бөгөөд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлаад байгаа юм. Мөн барилга буулгах зардлыг төсөвт оруулж батлуулжээ. НИТХ-ын Тэргүүлэгчид дээрх барилгуудыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэдэг журамтай. Энэхүү журмын дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 12 сүм хийдийн зөвшөөрлийг сунгах тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 1 жилээр сунгахаар боллоо.
Гэхдээ НИТХ-ын Тэргүүлэгчид, шашины байгуулагуудын үйл ажиллагаанд тодорхой хэм хэмжээг нарийвчлан тогтоосон шинэ журам боловсруулахыг холбогдох албаныханд үүрэг болгож, цаашид шинэчилсэн журмыг батлах хүртэл шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгах болон шинээр зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.