
-Төсвийн зарлагыг бууруулахын тулд ямар реформ хийх вэ, жишээ нь?
-Жишээлбэл, 2000 онд төрийн албан хаагчдын тоо 120 мянга байсан, тэр үед төрийн ажил болоод л байсан. 2004 онд дээрх тоо 140 мянгад хүрсэн бол одоо 154 мянга болсон. Цаашдаа ингэж явж болохгүй, дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай. Тоог нь багасгах талаар тодорхой саналууд гарсан. Жишээ нь төрийн албанд зүтгэж байгаа хүмүүсийнхээ тоог нь яс заагаад өгчихье. УИХ Засгийн газрын ажлыг шүүрч аваад, “Энэ орлогчоо хал, тэр зөвлөхөө цомхотго” гэхгүйгээр 140 мянган хүндээ ч гэдэг юм уу, тодорхой тоо өгөөд, энэ тоондоо багтааж Засгийн газар ажилла. Заасан тоонд нь багтааж УИХ-аас цалингийн санг баталж өгнө. Нэг шийдэл нь энэ байх жишээтэй.
Сүүлийн 20 жилийн хөгжлөө эргээд харахад Монгол Улсын эдийн засгийн өсөлт, ДНБ-ийг нэг хүнд харьцуулсан үзүүлэлтээр хуучин коммунист, социалист орнуудын өсөлтөөс харьцангуй удаан байна гэдэг асуудлыг гишүүд олонтаа хөндөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг түргэсгэхийн тулд реформуудыг хийх шаардлагатай. Хоёр дахь чухал жишээ бол тухайн жилд төсвийн урсгал зардлыг нэмэх тухай ярихаа болъё. Урсгал зардлыг яаж нэмэх вэ гэхээр инфляцийн төвшин яаж нэмэгдэв, тэр хэмжээгээр нэмдэг хуультай болъё гэх саналыг ч гаргасан. Энэ саналуудыг ажил хэрэг болговол улс хожино, татвар төлөгч нар бас хожихоор байгаа.
-Танай намын бүлгийн хувьд ирэх сараас эхлүүлж хүүхдийн мөнгө олгох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар саяын хурлаар хөндөв үү. Засгийн газар одоо хэр нь байр сууриа илэрхийлсэнгүй?
-Ирэх лхагва гаригт Засгийн газар хуралдана. Энэ үеэр Хүүхдийн мөнгөний асуудлаар байр сууриа илэрийлэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Тийм ч учраас бид энэ удаагийн төсвийн тодотголд хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг суулгаж өгөх шаардлагатай гэдгээ УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга Ч.Улааныг өнөөдрийн бүлгийн хуралдаанд мэдээлэл хийх үеэр хэлсэн.
Г.Дарь