"Энэ бол чиний өдрийн хуваарь!" гэсэн бичгийг Стамбул хотын хаа сайгүй өлгөжээ. Туркт болж буй олон нийтийн эсэргүүцэл анх удаагаа тайван бус байдалд шилжсэн нь далаад оноос хойш Туркт өрнөж буй үзэгдэл болж байна. Стамбулын Таксим талбай, Гези цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр Худалдааны төв босгох гэсэн нь олон нийтийн эсэргүүцлийг эхлүүлсэн юм.
Одоо Туркийн иргэд Эгейн тэнгисээс Хар далайн эрэг хүртэлх хотуудын гудамжинд бүрт ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганыг огцрохыг шаардан, тэмцэж байна. Эрдоганы систем ийн ганхаж эхэллээ.
Иргэдийнхээ хаана хооллох, хаана худалдаа хийх, хэдэн хүүхэдтэй байх, хэзээ гэрлэхийг хүртэл заасан Эрдоганы өөдөөс сөрж, иргэдийнхээ төлөө тэмцэж чадах биеэ даасан хүмүүс гэдгээ туркууд харуулж байна.
Туркийн ардчиллыг Эрдоган ардчилсан хүн шиг удирдаж чадсангүй гэх шүүмжлэл хүчээ авчээ. Хэт төвлөрсөн засаглалтай Турк улсад тэрээр ширхэг самрын үнээс эхлээд худалдааны төв бариулах хүртэлх бүхий л асуудлыг өөрөө шийдэж байна. Тэр курдуудтай энхээр зэрэгцэх асуудлаас эхлэн Таксим талбайн хөдөлгөөнийг хүртэл зохицуулахыг оролдож байгаа нь иргэдийнхээ бухимдлыг төрүүлсээр байна.
Гэхдээ Эрдоган эдийн засгийн өсөлт бий болгож, дундаж давхарыг амьдралыг сайжруулсан гээд зарим зүйлс дээр магтуулах гавьяатай ч энэ бүх магтаал өнөөдөр нуран унаж магадгүй болжээ. Зарим хөрөнгө оруулагчид хөрөнгөө татаж эхэлсэн байна. Туркийн лира мөнгөний ханш эрс унажээ. Туркэд аялал жуучлалын захиалга 30 хувиар буурсан тухай “Taraf” гэх сөрөг хүчний сонинд мэдээлжээ. Түүнчлэн курдуудтай эвлэрэх ажиллагаа цоожлогдоод байна.
Хоёр долоо хоногоос илүү үргэлжилж буй тэмцлээ зогсоохыг Туркийн эрх баригчид иргэдээсээ шаардсан ч Гези цэцэрлэгт өчигдөр дахин олон зуун мянган иргэн цуглаж, эсэргүүцлээ харин ч идэвхижүүлэв. Тэд Засгийн газар өөрсдийнх нь тавьсан шаардлагыг бүрэн биелүүлээгүй учир тэмцлээ зогсоохгүй хэмээн мэдэгджээ. Жагсагчид эрх баригчдад хандан, баривчлагдсан хүмүүсийг бүрэн чөлөөлөхийг хүссэн ч тэр ёсоор шийдэгдээгүй байна.