Пушкин Монголд дахин ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.15-нд нийтлэгдсэн

Пушкин Монголд дахин ирлээ

Монголчуудын орчуулгын сан хөмрөг нэн арвин билээ. Мэдээж, Энэтхэг Түвдээс шашны ном соёл орчуулсныг тооцвол нэлээд эртнээс ном зохиол орчуулж эхэлжээ. Өнгөрсөн зуун бол бараг бүхэлдээ орос хэлнээс ном зохиол орчуулж, орос хэлээр дамжин боловсорч, дэлхий ертөнцтэй танилцаж байсан гэвэл үгүйсгэхгүй байхаа.

Орос хэлийг баяжуулсан гэж үздэг оросын нэрт яруу найрагч, оросын яруу найргийн ханхүү хэмээн өргөмжлөгддөг найрагч бол яахын аргагүй Александр Сергеевич Пушкин юм. Монголчууд Пушкиний шүлэг зохиолтой танилцсан нь аль тэртээ 1930-аад он юм. Их зохиолч Д.Нацагдоржийн орчуулсан шүлгүүд 1936, 1937 онуудад хэвлэгдэж байжээ. Мөн Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ц.Цэдэнжав, Х.Пэрлээ, Б.Гонгоржав, Ч.Чимид,  Ц.Хасбаатар, Н.Жамбалсүрэн, М.Ширчинсүрэн, С.Дондог, Ч.Лхагва, Т.Галсан, Д.Урианхай, Х.Мэргэн нарын үе үеийн уран бүтээлчид Пушкиний шүлэг зохиолыг монгол хэлнээ буулгаж байсан байна.

Пушкиний 100 орчим шүлгийг яруу найрагч, орчуулагч Дарьзавын Бор хөрвүүлж ном болгон хэвлэжээ. Тэрбээр суут яруу найрагч Очирбатын Дашбалбарын үеэл ах бөгөөд Пушкиний үед “Царское Село” хэмээн нэрлэгдэж, хоёрдугаар Екатериний үед хөгжин цэцэглэж, орд харш, цэцэрлэг, талбайг нь Европын үзэсгэлэнт хотуудын жишгээр байгуулсан Пушкино хотод боловсрол эзэмшсэн хүн юм. Тэр хотод Д.Бор орчуулагч их Пушкин болон Анна Ахматова нарын алхаж явсан газар гишгэж, амьсгалж байсан агаараар нь цээжээ дүүргэж явахдаа тэр их хүмүүсийн шүлэг зохиолыг ойлгодог болох юмсан, тэгээд эх сайхан монгол хэлэндээ буулгах юмсан хэмээн залуу халуун насны бадрангуй мөрөөдөж явсан гэнэ. Ийн тэрбээр дал шүргэх насандаа залуугийн хүсэл мөрөөдлөө биелүүлж алдар цуут Пушкины шүлгүүдээс өөрийн сонголтоор орчуулж ном болгон хэвлүүлжээ. Санаж явбал бүтнэ гэдэг ийн буюу.
 
Өнгөрсөн жил тэрбээр Расул Гамзатовын шүлгүүдээс орчуулж “Тогоруун цувуу” нэртэйгээр ном болгон хэвлүүлжээ. Өдгөө тэрбээр Сергей Есениний шүлгийг орчуулж сууна. 

О.МӨНХНАРАН

Exegi monumentum


        Я памятник себе воздвиг нерукотворный,
        К нему не зарастает народная тропа,
        Вознесся выше он главою непокорной
            Александрийского столба.

        Нет, весь я не умру – душа в заветной лире
Мой прах переживает и тленья убежит –
И славен буду я, доколь в подлунном мире
    Жив будет хоть один пиит.

Слух обо мне пройдет по всей Руси великой,
И назовет всяк сущий в ней язык,
И гордый внук славян, и финн,и ныне дикой
    Тунгус, и друг степей калмык.

И долго буду тем любезен я народу,
Что чувства добрые я лирой пробуждал,
Что в мой жестокий век восславил я Свободу
    И милость к падшим призывал.

Веленью божию, о муза, будь послушна,
Обиды не страшась, не требуя венца,
Хвалу и кливету приемли равнодушно
    И не оспоривай глубца.

Хөшөө дурсгалаа би босгов

Хаан Александрын дурсгалт баганаас ч хавьгүй алдартай,
Халдашгүй дархан хөшөө дурсгалаа би босгов.
Хаана, хэн ч хийгээгүй найргийн суваргад маань,
Хүндэтгэл үзүүлэн очих хүмүүсийн зам бүдгэрэхгүй ээ.

Бие барагдавч, би бүр балрахгүй ээ!
Билгүүн найрагтаа амилан, бүхэнд би хүрнэ.
Мөнгөн саран дор ганц найрагч үлдсэн ч,
Мөнхийн яруу алдар, миний нэрийг л дагана!

Аугаа Орос орноор домог цуу түгнэ.
Аль ч үнэдэстэн, хэлтэн нэрийг маань дуудна.
Ихэмсэг славян үр сад, элгэмсэг анд халимаг,
Эдүгээгийн Соми, эртний Хаминагад хүртэл нэрлэнэ.

Харгис хатуу зуунд эрх чөлөөг эрхэмлэж,
Хайрлах нинжин сэтгэлийг хүчит найргаар сэрээн,
Эгэл олон ардад өршөөл нэхэн уриалснаараа,
Өнө удаан би, өргөн түмэндээ дурсагдана.

Эгшиг минь! Эцэг тэнгэрийн тааллыг л дага!
Эмзэглэж гоморхох ч хэрэггүй, эрдэнийн титэм ч хэрэггүй!
Магтаал гүтгэлгийг мэдээгүй мэт л өнгөрөө!
Мунхаг мугуйд маанагтай мэтгэлцэж бүү марга!

Орчуулсан: Д.Бор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж