НӨАТ төлөгчдөд зориулан сэрэмжлүүлэг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2013.06.15-нд нийтлэгдсэн

НӨАТ төлөгчдөд зориулан сэрэмжлүүлэг гаргажээ

Үндэсний татварын албанаас “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг эртнээс эхлүүлсэн. Энэхүү ажлыг хийж гүйцэтгэх явцад зарим хувь хүн, аж ахуйн нэгжүүд хуулийг санаатайгаар зөрчсөн үйлдлүүдийг гаргасан нь илэрчээ. Ингэснээр тухайн компани ихээхэн хэмжээний татварын төлбөр,  хүү,  торгуульд орох, татварын эрсдэлтэй тулгарч байгаа ажээ. Тиймээс ТЕГ-аас аж ахуйн нэгжүүдэд хандан доорх санамжийг хүргэж байна. НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа, гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан үйлдэхгүй байхыг сануулжээ. Мөн татварын албанд бүртгэлгүй, бүртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бүртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо худалдах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх тохиолдол олон гарсан байна.

Түүнчлэн НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтанд хамааралгүй ажил үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн үйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах, дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийсэн зөрчил олонтаа тохиолджээ.

 Импортын барааны НӨАТ ногдуулах үнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ хэлцэл үйлдэж, гаалийн мэдүүлэг бүрдүүлэх замаар төлөх татвараа бууруулах, бусдад НӨАТ төлж бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан мэтээр ня-бо бүртгэлийн хуурамч бичилт хийн, НӨАТ-ын падаан бичиж их хэмжээний хасалт хийсэн компани ч илэрчээ.

  Эдгээр зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болох нь тогтоогдвол Монгол Улсын “Эрүүгийн хууль”-ийн дагуу шийдвэрлэдэг юм байна.  

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж