Ипотекийн санхүүжилтийн гэрээг үзэглэв

Хуучирсан мэдээ: 2013.06.15-нд нийтлэгдсэн

Ипотекийн санхүүжилтийн гэрээг үзэглэв

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн мастер гэрээнд гарын үсэг зурж, арилжааны банкуудад эх үүсвэр байршууллаа

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хүрээнд Монголбанк, Арилжааны банкууд, Монголын ипотекийн корпораци “Орон сууцны ипотекийн санхүүжилтийг ерөнхий гэрээ”-г баталж, гарын үсэг зурлаа.

Ингэснээр энэхүү шинэ тогтолцооны хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгох зориулалт бүхий зээлийн эх үүсвэрийг Монголбанк гэрээ байгуулсан банкуудад байршууллаа.

Иргэд 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн энэхүү зээлд хамрагдахаар банкинд хүсэлтээ гаргах боломжтой.

Банкууд өнгөрсөн хугацаанд өөрсдөө эрсдэлээ хариуцан, эрсдэл даах чадвараа үнэлэн, өөрийн эх үүсвэрээр, алсын хараатайгаар, чадварлаг мэргэжилтнүүдийн хүчээр 940 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл иргэдэд олгосон байдаг. Орон сууцны ипотекийн санхүүжилтын тогтвортой тогтолцоо бүрдсэнээр энэ зээлийн дүн цаашид өсч, банкуудын эх үүсвэрийн хугацаа уртсах, зээлийн хүү буурах, санхүүгийн салбарын хөгжилд эерэгээр нөлөөлөх эерэг хандлагууд бий болох юм байна.

Уг үйл ажиллагаатай холбогдуулан банкуудын захирлуудын санал бодлыг сонслоо.

“Голомт” банкны гүйцэтгэх захирал Д.Ганболд:

– Банкууд алдагдал хүлээхгүйгээр энэ гэрээг зохицуулж байгаа. Монголбанкнаас дэмжлэг үзүүлж байна. Өмнөх схемүүдээс  илүү сайн зохион байгуулагдсан.  Банкуудын зээл олгох журмууд тухайн банкны үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор зөвхөн зохион байгуулалтын шинж чанарын ялгаатай байгаа.  Харин зээлийн урьдчилгаа 30 хувь байх, 20 жилийн хугацаа, найм дээр нэмэх хасах нэг хувийн  нөхцөл болон төлбөр орлогын харьцаа 45 хувь байх зэрэг суурь зарчмууд бүгдээрээ зах зээл дээр нэг л гараанаас хөдөлнө. Мэдээж өөрсдийн эрсдлийн бодлогын хүрээнд үл хөдлөх хөрөнгийн бүртгэл гэх мэт зохион байгуулалтын шинж чанартай нэмэлтүүд орно.

Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като:

– Бид даваа гаригт л энэ зээлийг олгоод дуусгачихгүй. Тийм болохоор баримт материалаа цэгцтэй  цуглуулаад банкин дээр яг бэлэн болсон гэсэн үедээ ирж болно. Эх үүсвэрийн хувьд хангалттай байгаа гэж хэлмээр байна. Манай талаас олон улсын стандартад нийцсэн маш сайн схемтэй болсон гэж үзэж байгаа. Харилцагчдын хувьд хамгийн таатай нөхцлөөр уг санхүүжилтийг олгоно.

Б.УЯНГА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж