Хуульд хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хэрхэн тусгасныг сануулахад, хүссэн компанийн ажилтнууд ойр гадны нэг улсын зах, дэлгүүр ороод бараа худалдаж аваад хилээр оруулж ирдэг байсныг өөрчилж буй. Хүнсний бүтээгдэхүүн импортлогч нь заавал тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс нь эсвэл үйлдвэрлэгчийн албан ёсны гэрээт борлуулагч компаниас бүтээгдэхүүнээ татах ёстой болж. Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг Монголын хилээр орж ирэх хүртэлх хэд гэдэг нь мэдэгдэхгүй, худалдагч, наймаачин гэсэн олон дамжлагыг халж буй юм байна. Хүнсний бараа үйлдвэрээсээ шууд ирэх, замдаа олон хүнээр дамжуулагдаж ирэх хоёр тэс ондоо. Хадгалах, тээвэрлэх, сав баглаа боодлын стандартын шаардлага хангахгүй эрсдэлд хүрч болзошгүй учир ийнхүү тусгажээ. Мөн найрлага, орц, хэрэглэх заавар, сөрөг заалт гэх зэрэг мэдээллийг түгээмэл хэлээр бичсэн хүнсний барааг монголчууд хэрэглэнэ гэдгээр хуулийг анх санаачилсан ажээ.
Уг хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мэдээллийн бүртгэл” сэдэвт сургалтыг улсын байцаагчдад хийлээ. Сургалтын гол зорилго нь хүнсний тухай хуулиудын хэрэгжилтийг хангахад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн мэдээллийг дэлгэрэнгүй цуглуулах замаар шалгалт хийхэд орших ажээ.
Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн газрын дарга Ч.Арилдийгаас тодрууллаа.
-Хүнсний тухай хуулийн шинэчлэлийг иргэд төдийлөн мэдэхгүй байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хууль хэрэгжилтийг хэрхэн хянаж байна вэ?
-Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хууль 2012 оны 12 дугаар сарын 20-нд батлагдаад 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуулийг сайтар хэрэгжүүлэхийн тулд хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн мэдээллийг бүртгэх хэрэгтэй юм. Энэ ажлыг гуравдугаар сарын 1-нээс хийж эхэлсэн ч хангалтгүй байна. Тиймээс хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагааныхаа чиглэл, байршил гэх зэрэг бүхий л мэдээллээ бидэнд өгөх хэрэгтэй. Одоогоор улсын хэмжээнд 3084 аж ахуйн нэгж, байгууллага, 4032 иргэн мэдээллээ бүртгүүлээд байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг бүртгэх ажилтнуудад өнөөдөр сургалт хийж байна. Ингэснээр хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бүртгэлийг нарийвчлан хийснээр хүнсний тухай хууль, журмуудыг яг хаана ямар арга замаар мөрдүүлэх шаардлагатай юм бэ гэдгийг тогтоох суурь нь болох юм. Өөрөөр хэлбэл, хүнсний аюулгүй байдал хаана зөрчигдөх магадлалтайг тогтоож, тэнд хяналт шалгалт, арга хэмжээг анхаарч хийх юм л даа.
– Хууль хэрэгжээд эхэлсэн ч бүртгэл хийнэ гэсээр байтал цаг хугацаа алдах вий. Хэзээ хүртэл бүртгэлийн ажлыг хийх вэ?
-Эцсийн хугацааг есдүгээр сар гэж зааж, энэ хүртэлх хугацаанд нийслэл, орон нутагт хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бүх аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг бүртгэнэ.
-Хуулиар генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн оруулж ирэхийг хазаарлана гэж байсан. Гэтэл генийн өөрчлөлттэй гэгддэг бүтээгдэхүүн их шүү дээ. Энэ нь импортын барааны урсгалт нөлөөлөх байх даа?
-Хуульд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн оруулахгүй гэж заагаагүй. Эрсдлийн үнэлгээ, шаардлагатай бүх шинжилгээг нь хийгээд хилээр оруулна. Тэгэхээр генийн өөрчлөлттэй гэдэг бүтээгдэхүүний шошгон дээр GMO гэсэн тэмдэглэгээтэйбайвал хилээр оруулж болно. Гэвч энэ тэмдэглэгээг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс орон бүр тавьдаггүй. Ер нь Европын холбооны улс орнууд ургамлын гаралтай буюу бүтээгдэхүүндээ дээрх тэмдэглэгээг хийдэг. Ийм бүтээгдэхүүнийг оруулж болно.
-Хүнсний хууль хэрэгжихгүй байна гэдэг нэг нотолгоог дэлгүүрийн лангуун дээр байгаа хугацаа нь өнөө маргаашгүй дуусах дөхсөн хүнсний бараанаас харж болох юм. Энэ асуудлыг хэрхэн шийдэх боломжтой вэ?
-Манай улс газар зүйн байршлын хувьд далайд гарцгүй учир бараа тээвэрлэлтийн тал дээр учир дутагдалтай. Ингээд далайн тээвэр хийдэг улс орнуудаар дамжуулж импортлох гэсээр байтал доод тал нь гурван сар болж байна. Тэгэхээр хуулинд хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээс эхлээд хэрэглэж дуусах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байвал гаалиар оруулж байгаа. Одоо дэлгүүрт зарж байгаа хугацаа нь дуусах дөхсөн барааны хувьд тэдгээр нь хууль батлахаас өмнө ачиж ирсэн бараа гэдгийг хэлмээр байна. Гуравдугаар сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлснээс хойш гаалийнхан энэ заалтыг харгалзан үзэж, хугацаа нь дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн оруулаагүй.
-Хуулинд мөн Англи, Монгол, Орос хэл дээр бичсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдах ёстой гээд байдаг. Гэтэл өөр хэл дээр бичсэн бүтээгдэхүүн худалдаж л байна шүү дээ?
-Энэ асуудлын хувьд ч мөн адил л даа. Хууль батлахаас өмнө наашаа ачуулчихсан байсан бол хилээр оруулсан. Мэргэжлийн хяналт энэ тал дээр хууль батлагдахаас өмнө оруулж ирсэн үү хойно оруулж ирээд зарж байна уу гэдэгт хяналт тавьж байгаа.
-Энэ мэт зөрчлүүд илэрвэл иргэд тухайн бүтээгдэхүүнийг худалдаж буй дэлгүүрт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэдэгдэх боломжтой гэсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэдээс гомдол хэр ирсэн бэ?
-Энэ хугацаанд хүнсний бүтээгдэхүүнээс болж нийтээрээ хордсон, онц аюултай зөрчил илрээгүй.