С.Болд: Ипотекийн шинэ тогтолцоо чухал ач холбогдолтой

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

С.Болд: Ипотекийн шинэ тогтолцоо чухал ач холбогдолтой

С.БОЛД: Ипотекийн шинэ тогтолцоо нийгэм,
эдийн засгийн чухал ач холбогдолтой


Монголбанкны Ерөнхий эдийн засагч С.Болдтой найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн асуудлаар ярилцлаа.

-Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг санхүүжүүлэх хөрөнгө нь хаанаас гарах вэ? Чингис бондын хөрөнгөөс гарч байгаа гэх мэдээ бас гараад байсан?

-Орон сууцны ипотекийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх эхлэлийн санхүүжилтийг Монголбанк гаргаж байна. Зөвхөн уг санхүүжилт ч биш, ер нь Монголбанкнаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн, төрийн мөнгөний бодлогын хүрээнд хийж байгаа төгрөгийн нийлүүлэлт бол Монголбанкнаас өөрөөс нь тодорхой зорилготой гаргаж байгаа эх үүсвэр юм. Энэ нь улсын төсвийн орлого, Чингис бондын хөрөнгө, арилжааны банкуудын эх үүсвэртэй огт хамаагүй гэдгийг зориуд хэлье.  

-Тэгвэл энэ тогтолцооны хүрээнд Монголбанк байнга л ингэж санхүүжилт хийгээд байна гэсэн үг үү?

-Энэ тогтолцооны хүрээнд Нийгмийн даатгалын сан дахин хөрөнгөжиж, татвар, шимтгэлийн орчин илүү ил тод болно. Ингэснээр тус сангийн орлого нь нэмэгдэхийн зэрэгцээ тогтолцоог хэрэгжүүлэгч талууд санхүүгийн хувьд хавигүй чадавхижна. Өөрөөр хэлбэл тогтолцоо маань яваандаа Монголбанкны санхүүжилтгүйгээр тогтвортой хэрэгжих болно. Ер нь бидний хэрэгжүүлж байгаа бүх хөтөлбөрийн туйлын зорилт нь зах зээлийн зарчимд суурилсан, цаашдаа Монголбанкны оролцоогүйгээр тогтвортой хэрэгждэг механизмуудыг бий болгоход оршдог. Нэгэнт тийм тогтолцоо, механизм бүрдсэн цагт одоо хэрэгжүүлж байгаа аль ч хөтөлбөр бидний оролцоогүйгээр цаашид хэрэгжээд явна.

-Урьд өмнөх хөтөлбөрүүдийг харахад санхүүжилт дуусчихлаа гээд гацчихдаг байсан шүү дээ. Энэ хөтөлбөрийн санхүүжилт гацаанд орох уу?

-Монголд маань стандартын шаардлага хангасан орон сууцны барилга олноор баригдан ашиглалтад орж, орон сууцны барилгын нийлүүлэлт нь нэмэгдэж байгаа цагт, дундаж давхарга маань бэхжин тэлж, тэдний хуримтлал нь өсөн нэмэгдэхийн хэрээр зах зээлд орон сууцны барилгын эрэлт байж л байгаа цагт, макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын тогтвортой байдал маань тууштай хангагдаж, эдийн засгийн бодит өсөлт тогтвортой хадгалагдаж буй үед энэ санхүүжилт гацаанд орно гэсэн ойлголт байхгүй.

-Хөтөлбөр эхэлснээр орон сууцны үнэ буурахгүй, харин ч улам өсөх юм биш үү?

-Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах малгай хөтөлбөр, түүний хүрээнд хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк орон сууцны барилгын нийлүүлэлтийг дэмжихээс гадна орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгож байна. Ингэснээр орон сууцны барилгын үнийн тогтвортой байдал хангагдана. Үүнийг орон сууцны үнэ буурах ёстой гэж буруу ойлгож болохгүй ээ. Орон сууцны үнийг тогтмол нэг түвшинд барих, төрөөс хатуу тогтоох, хүчээр бууруулах тухай ойлголт ерөөсөө агуулгын хувьд маш буруу.

-Журамд орон сууцны үнийн түвшинг тодорхой заах ёстой байсан гэж зарим иргэд, судлаачид ярьж байгаа. Ингэж үнийг тогтоож өгөх нь үнэ өсөхөөс хамгаалах байсан биш үү?

-Орон сууцны үнийг төрөөс хатуу тогтоох гэсэн аливаа оролдлого бол зах зээлийг эвдэж гажуудал үүсгэдэг, орон сууцны барилгын чанарыг муутгадаг, хэзээ ч амь бөхтэй байж чаддаггүй, маш буруу зүйл. Иргэд Монголбанкны бий болгохоор зорьж буй тогтолцооны зорилгыг орон сууцны барилгын үнийг бууруулна гэж ташаарч ойлгож болохгүй. Орон сууцны үнийн тогтвортой байдлыг хангах хамгийн үр дүнтэй арга зам нь ерөөс нийлүүлэлтийг л нэмэгдүүлэх явдал байдаг.  

-Урьдчилгаа төлбөрийн хэмжээ яг хэдэн хувь байх вэ. 10 хувиар төлж болох уу?

-Нийгмийн дундаж давхаргаа дэмжиж, тэдний хуримтлалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэ тогтолцооны хүрээнд урьдчилгаа төлбөр 30 хувь байх болно. Иргэд сонгосон орон сууцныхаа 30 хувийн урьдчилгааг төлж чадахааргүй байвал тийм чадвартай л болох хэрэгтэй байна. Үүний тулд илүү их хөдөлмөрлөж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн байгаа мөнгөнийхөө боломжид таарсан өөр орон сууц ч сонгох боломж нь нээлттэй юм шүүдээ. Орон сууцны сонголт бол иргэдийнх. 10 хувийн урьдчилгаа төлж болох тухай асуудал нь Засгийн газраас хэрэгжүүлэх төрийн орон сууцны хөтөлбөрт л хамаатай.

-Тэгэхээр 20 сая төгрөгтэй иргэн хүн 200 сая төгрөгийн үнэтэй орон сууцны урьдчилгаанд 10 хувийг нь төлөөд, үлдэх 180 саяыг нь 20 хүртэл жилээр төлөөд явах боломжгүй гэсэн үг үү? Ийм иргэн хөтөлбөрт хамрагдаж болох уу?

-20 сая төгрөгтэй, тодорхой эрхэлсэн ажилтай, татвар, шимтгэлээ тогтмол төлдөг, сарын орлого нь орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг төлөхийн зэрэгцээ өрхийн амьжиргаагаа хангаад байхад хүрэлцэхүйц, журамд заасан болон зээл олгох банкнаас тавих шалгуурыг хангасан иргэн энэ зээлд хамрагдахдаа орон сууцны сонголтоо 200 сая төгрөг бус, 66.6 сая хүртэл төгрөгийн үнэтэй байхаар сонгох боломжтой байна. Хэрэв энэ хүн 60 сая төгрөгтэй, эсхүл 60 сая төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй авахад хүрэлцэх хэмжээний үнэлгээ бүхий хуучин орон сууц өмчилдөг бол 200 сая төгрөгийн байрыг сонгож, зээлд хамрагдах боломж нь байна.
 
-Орон нутагт энэ зээл үйлчлэх үү? Ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал байгаа юу?

-Энэ тогтолцоо хот суурин газар, хөдөө орон нутаг ялгалгүй, Монгол Улсын бүх нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд орон нутаг, хот суурин гэсэн ялгаа байхгүй, нэгэн жигд зохицуулалт бий. Харин хөдөө орон нутагт стандартын шаардлага хангасан орон сууцны барилга барихад Монголбанкнаас банкуудаар дамжуулан олгосон зээлийн хүү 7 хувиас буураад 5.5 хувь болж байгаа. Ингэснээрээ орон нутагт орон сууц барихад хот суурин газар барьснаас илүү дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж байна гэсэн үг.

-Банкуудаас өмнө нь өндөр хүүтэй ипотекийн зээл авсан байгаа иргэдийн зээлийн хүүг 8 хувь болгох уу?

-Банкууд өнгөрсөн хугацаанд өөрсдөө эрсдэлээ хариуцан, эрсдэл даах чадвараа үнэлэн, өөрийн эх үүсвэрээр, алсын хараатайгаар, чадварлаг мэргэжилтнүүдийн хүчээр 940 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл иргэдэд олгосон байдаг. Эдгээр зээлийн хүү дунджаар 15-16 хувьтай байгаа бол одоо банкуудаас өмнөх хугацаанд олгосон 80 метр квадратаас доош талбайтай орон сууцны ипотекийн зээлийн хүү 8 хувь болж буурна.

-Монголбанкнаас олгосон эх үүсвэр нь дахин санхүүжилт хийхэд зарцуулагдаад, шинээр зээл олгоход хүрэлцэхгүй байх вий дээ?

-Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн дахин санхүүжилт хийх, шинээр зээл олгоход зориулсан эх үүсвэрийг банкуудад зээл хэлбэрээр тус тусад нь олгосон. Иймд шинээр зээл олгоход эх үүсвэр хүрэлцэхгүй дуусчихна гэсэн ойлголт байхгүй.

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсний нийгэм, эдийн засаг дахь нөлөөлөл нь юу байх вэ?

-Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал хэвлэл мэдээлэлд маш тодорхой тайлбарласан даа. Бид орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгосноор иргэдийн орлого маань хэрэглээнээс хуримтлал болдог болно. Иргэдийн хөдөлмөрийн хөлс, үнэлгээ, бүтээмж нэмэгдэж, эдийн засгийн ил тод, тунгалаг байдал бүхэлдээ сайжран, манай улсын Нийгмийн даатгалын сангийн хуримтлал өснө. Энэ бүхэн нь макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлж, хэрэглээний үнийн индексийг энэ оны зорилтот 8 хувь, дунд хугацааны зорилтот 6 хувьд байлгахад чухал ач холбогдолтой байна. Эцсийн эцэст иргэд маань хөдөлмөр эрхлэх, бүтээмжээ дээшлүүлэх, амьдрах орчноо сайжруулах, шинэ зуунд дэлхий нийтийн сайн жишгээр амьдрах бололцоо бүрдэнэ гэсэн итгэл үнэмшил дүүрэн байна.

Д.ЦЭЭПИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж