Зөвлөлдөх уулзалтаар ярилцсан асуудлыг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатараас тодрууллаа.
-Гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох хүмүүсийг оролцуулсан нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Тодорхой үр дүн гарав уу?
-Гадаад харилцааны яамнаас улирал тутамд нэг удаа суугаа орныхоо Элчин сайдын яамныхныг оролцуулсан уулзалт зохион байгуулж, тодорхой асуудал ярилцах бодлого барьж байна. Энэ дагуу өнөөдөр дээрх уулзалтыг хийлээ. Учир нь зарим орны Элчин сайдын яаманд манай иргэд хандаж виз хүсэхэд цагдаагийн тодорхойлолт хүсч байна. Гэтэл Хууль зүйн сайдын тушаалаар цагдаагийн тодорхойлолт олгохыг цуцалсан. Үүнээс гадна өөр бусад төрлийн нэмэлт бичиг баримтыг бас шаардаж байгаа. Тийм учраас виз хүсэхтэй холбоотойгоор гарч байгаа олон төрлийн бичиг баримт шаарддагыг багасгах, визний хугацааг сунгах, мөн визгүйгээр зорчих боломж хэр байна вэ гэдэг дээр голлож ярилцсан, үр дүнтэй уулзалт боллоо.
-Монгол Улсын иргэд визгүй зорчдог хэчнээн орон байна вэ. Канад руу зорчих бол визний хугацааг сунгахаар болж гэдэг мэдээлэл бас дуулдаж байна?
-Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт эзэмшигч бол дэлхийн 16 оронд визгүй зорчдог. Албан дипломат паспорт эзэмшигч нь 34 оронд визгүй зорчиж байна. Энэ оны тухайд Перу, Кувейт улс руу дипломат паспорт эзэмшигч нь визгүй зорчих шийдвэр гарсан. Мөн өнгөрсөн хавар ХБНГУ-руу дипломат паспорт эзэмшигч нь визгүй зорчих шийдвэр гарсан. Хэдийгээр дээрх шийдвэр нь цөөн тооны хүнд хамаарах боловч цаашдаа энгийн паспорт эзэмшигч монгол иргэн бүр баруун Европ Германд визгүй зорчих эхлэл тавигдсан гэж үзэж болно. Ер нь манай талаас тавьж байгаа саналыг олон орон дэмжиж байна. Жишээ нь,Канад улсын Засгийн газраас энгийн гадаад паспорт эзэмшигч Монгол иргэнд 10 жил, албан дипломат паспорт эзэмшигчид 4 жилийн хугацаатай виз олгохоор шийдвэр гарлаа. Цаашид ч Гадаад харилцааны яамны хувьд иргэдээ аль болох олон оронд визгүй зорчуулах, визнийх нь хугацааг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллана.
-Өнгөрсөн сараас эхэлж Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайд Б.Даваадоржтой холбоотой мөнгө угаасан тухай асуудал хөндөгдөх болсон. Хамгийн сүүлд цацагдаж байгаа мэдээллээр түүнийг Герман улсаас гарахыг хориглосон тухай цацагдаж байна. Энэ талаарх мэдээлэл танай яаманд ирсэн үү?
-Гадаад харилцааны яаманд энэ талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Мэдээлэл ирсэн цагт тодорхой мэдээлэл өгч болох юм.
-Энэ асуудалтай холбоотойгоор Элчингүүдийн ёс зүйн асуудал давхар хөндөгдөж байна.
-Консулын газрын хувьд Элчингүүдийн асуудал хамаардаггүй. Тийм учраас миний мэдэж ярих асуудал биш байна.