Арилжааны банкууд амрах завгүй ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.06.14-нд нийтлэгдсэн

Арилжааны банкууд амрах завгүй ажиллана

Иргэдийг орон сууцжуулах найман хувийн ипотекийн зээлийн мастер гэрээнд гарын үсэг зурах ёслол дөнгөж сая Монголбанкинд боллоо. Уг ёслолд арилжааны 14 банкны захирал болон Монголын ипотекийн корпорацийн удирдлагууд оролцож, мастер гэрээнд гарын үсэг зурлаа.

-Иргэдээ сайхан амьдруулах, дундаж давхаргынхнаа хүчтэй, хуримтлалтай болгох эхлэлийг тавьж, мастер гэрээг үзэглэж байгаадаа баяртай байна. Ипотекийн зах зээлийг өргөжүүлэн ойрын ирээдүйд уг зах зээлийг 4-5 их наяд төгрөгт хүргэх сайхан боломж нээгдэж байна гэж Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал хэллээ. Энэхүү ипотекийн зээлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийн орлого хэрэглээнээс хуримтлалд шилжих, хөдөлмөрийн үнэлгээ, бүтээмж дээшлэх, хөдөлмөрийн зах зээл тунгалагшина гэж тэрбээр тодотгосон. Монголбанк хэрэглээний үнийн индексийг энэ жил найман хувиас хэтрүүлэхгүй барихын дээр ирэх онд зургаан хувьд шилжүүлэх боломжтойг зарлаж байгаа. Тэгвэл энэхүү зээлийн хувьд инфляци багасахад долоон хувь, инфляци өссөн ч есөн хувьд хүрэх уян хатан хүүтэй зээл юм. Ингэхдээ хүүгийн хэлбэлзэл зээлдэгч болгонд биш, тухайн үед шинээр зээл авч байгаа хүмүүст хамааралтай ажээ. Мастер гэрээг үзэглэх үеэр арилжааны банкуудын захирлуудаас сэтгэгдлийг нь сонслоо.

“Голомт” банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд:

-энэ бол түүхэн чухал шийдвэр гэж би хувьдаа харж байна. Энэхүү хөтөлбөрийг олон жилийн өмнөөс олон хувилбараар хийж хэрэгжүүлж байсан ч Засгийн газар болон төв банкны оролцоотой найман хувийн зээлийн гэрээ урьд урьдахаас илүү өгөөжтэй, оновчтой шийдэл гэж бид үзэж байгаа юм. Орон сууц гэдэг хүний анхдагч хэрэгцээ. Улаанбаатар хотод гэхэд нийт хүн амын 60 хувь нь гэр хороололд аж төрж байна. Арилжааны банкуудын хувьд хүн амыг орон сууцжуулах бодлогын баримт бичгийг боловсруулахад анхнаас нь оролцож ирсэн. Энэ долоо хоногийн хагас бүтэн сайнд банзууд амралтгүйгээр ажиллана. Цаашдаа ч бидний ажлын ачаалал их байх болно. Гэвч энэ бүхнээс бэрхшээхгүйгээр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Манай банк өнгөрсөн хугацаанд 268 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон.

“Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд:

-Нийт ипотекийн зээлийн 28 хувь нь манай банкинд хамаардаг. Энэ бүх  зээлдэгчдийн хувьд +-8 хувийн зээлд шилжиж байгаа нь том боломж. Өмнө нь жилийн 16-18 хувийн зээлтэй байсан бол одоо 8-10 хувь нь хөнгөрнө гэдэг их давуу тал шүү. Өмнө нь ипотекийн зээл авсан хүмүүсийн хувьд яарч сандрах зүйлгүй. Арилжааны банкууд зээлийг найман хувь руу хөрвүүлэх, гэрээг шинэчлэх гэхчилэн ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан:

-Харилцагчдын хувьд адгаж яарах хэрэггүй гэдгийг онцлон хэлье. Хангалттай хэмжээний эх үүсвэр байгаагийн дээр хуучин зээлтэй хүмүүсийн зээлийг найман хувь руу шилжүүлэх ажлыг зээлдэгчийн оролцоогүйгээр хийх учир банк руу очих, дугаарлан зогсох ямар ч хэрэггүй. Өөрөөр хэлбэл түрүүлж очсон хүний зээлийн хүү түрүүлж багасна гэсэн зүйл бахйгүй. Зээлийг бага хүү рүү шилжүүлэх, МИК-тэй гэрээ байгуулах гэхчилэн нэлээд урт хугацаа шаардсан ажил болно. Энэ бүх зүйлд 5-6 орчим сар болох байх.

Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като:

-Ипотекийн энэ удаагийн зээл олон улсын стандартад дөхөж очсон сайн схемтэй зээл болох нь гэж манай эдийн засагчид дүгнэж байгаа. Харилцагчдадаа хамгийн боломжийн нөхцөлөөр очих зээл гэж харагдаж байна. Япон улсын хувьд дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засаг хурдацтай хөгжиж байсан тэр цаг үед одоо Монголд хэрэгжиж буйтай төстэй орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Тухайн үед банк санхүүгийн салбар хүчтэй хөгжиж амжаагүй байсан болохоор Засгийн газартайгаа хамтран ажиллаж чадаагүйгээс алдаа оноо гарч байсан. Харин одоо бол Японд моргэйжийн зээлийн хүү жилийн 2-3 хувьтай байдаг. Мэдээж манай хоёр улсын эдийн засаг харилцан адилгүй байгаа гэлээ.

Өнөөдөр үзэглэсэн ипотекийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад жилийн дөрвөн хувийн хүүтэйгээр санхүүжүүлж буй юм. Харин иргэдэд энэ зээл +-8 хувийн хүүгээр ипотекийн зээл болон хүрнэ. Ямартай ч найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн  галт тэрэг гараанаас гарлаа.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж