
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт шалгалт хийхэд Арцатын аманд буусан 40 гаруй айл хууль зөрчсөн болох нь илэрч албадан чөлөөлөхөөр болжээ. “Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан шалгалт хийхэд Арцатын аманд буусан 40 гаруй айлын асуудал хөндөгдсөн. Энэ айлууд бол зөвхөн шинээр нүүж ирсэн айлууд байгаа. Бид албадан чөлөөлөхөөр болсон. Манай иргэд үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Хуучин айлуудын асуудал байгаа. Үүнийг шинээр батлах хуулинд тусгаж, нүүлгэх үү, үлдээх үү гэдгийг шийдэх учиртай” гэж БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг ярьжээ. Дашрамд дурьдахад, 1994 онд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдаж, 1995 онд Богд уулыг дархан цаазат уул болгон батламжилжээ. Гэтэл яг энэ хууль батлагдаж байх үед амьдарч байсан хүмүүс тус яаманд амьдарч байсан газартаа оршин суух хүсэлтийг ирүүлдэг аж. Тиймээс тусгай хамгаалалттай газар нутгийн хууль болон газрын тухай хуульд ирэх намрын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна.
Б.СҮХ